Үндэсний сурын хасаа харвааны дунд өргийн адаг үе үргэлжилж байна. Үүний дараа энэ жилийн найман шилдэг харваач шалгарч үлдэнэ. Шилдэг наймаас энэ жилийн баяр наадмын түрүү харваач тодорно. Нийтдээ 541 харваач оролцож байгаа юм. Баяр наадмын комиссын шийдвэрээр эхний хана харваанд 10 оноогүй харваачдыг хасах журмаар явсан. Одоо 400 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. Удахгүй адаг өргөөний харваа эхэлнэ. Шилдэг найман харваачаас гадна спортын мастер, дэд мастер тодорч эхэлнэ.
Энэ жилийн сурын харваанд Өвөр монголын өөртөө засах орноос харваачид анх удаа оролцож байгаа аж. Энэ үеэр Өвөр Монголын харваач Тэргэлсарын сэтгэгдлийг сонслоо.
“Миний хувьд Өвөр Монголын Шилийн гол аймгийн Баруун үзэмчний хошуунаас ирж оролцож байна. Өвөр Монголоос нийтдээ таван хүн оролцож байна. Өмнө Монголын үндэсний их наадамд оролцож байгаагүй. Анх удаа оролцох сайхан байна. Сур харваад гурван жил орчим болж байна. Өмнө нь багаараа 2, 3 удаагийн амжилт гаргасан. Өвөр Монголд энэ спорт хөгжөөд удаагүй байгаа. Тиймээс энэ жил суралцах зорилго тавьсан.”
Б.ЗАЯА