Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Наадам болох дөхөөд хаа сайгүй баяр ёслолоо хэрхэн тэмдэглэх талаараа ярилцаж буй хүнтэй таарах юм. Ядаж байхад энэ жилийн наадмыг их өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр эртнээс бэлтгэсэн болоод ч тэрүү хүн бүр л наадам ярьж байна. Манай улс ч баяр ёслолд онцгой анхаардаг болохоор төрийн ордон нь хүртэл эл хуль болчихсон гэнэ. Яам тамгын газрууд ч мөн адил ажилтан алба хаагчдаа амраахыг нь амраагаад, таслуулахыг нь таслуулаад ийш тийшээ явчихаж. Ер нь манайхан амралтыг их сайхан тэмдэглэн өнгөрүүлдэг. Тиймээс энэ удаад ч хуучин зангаа тавьж болохгүй шүү. Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2220 жилийн ой дахин тохиохгүй учраас бэлгэдлийг нь бодоод 22 хоног амраачихвал яасан юм бэ. Ардын хувьсгалын түүхт 90 жилийн ой тохиож байна гэдэг чинь том баяр. Тиймээс ард түмнийг нийтээр нь 90 хоног амраасан ч яадаг юм бэ. Иргэд маань сайхан наадамлаад ирэг л дээ. Угаасаа манайхан чинь баяр болохоос 10-20 хоногийн өмнө л идэвхээ сулруулаад эхэлдэг юм чинь нийтэд нь нэг мөсөн амралт өгчих хэрэгтэй. Одоо УИХ-ын гишүүд яг хууль баталж харагдаач. Энд тэндхийн уяан дээр мориныхоо хөлсийг хусаад зогсож байгаа шүү дээ. Гэтэл жирийн иргэд маань энэ хагас бүтэн сайн өдрөөр амрахгүй ажиллана гэж байгаа ч өөрөө өөртөө амралт өгөөд л явчихна. Ингээд л Монгол Улсад ажил хийдэг хүн байхгүй болж таарч байгаа юм даа. Наадам, Цагаан сараар л бид ингэж хөөрч, хөөрцөглөж олсон хэдийгээ үрэхээс гадна, ажлаа ч хийлгүй хэнэггүйтэж байна. Гадны орнуудад ямар жишиг баримталдаг гэхээр яг амрах ёстой өдрөө амраад ажиллах ёстой цагтаа ажилладаг. Тэд энэ байдалдаа дасан зохицоод болоод л байна. Гэтэл бид л гэж баяр болохоор дарга цэрэггүй амардаг, ажил тасалдаг болчихоор Монгол Улс хөгжихгүй байх нь аргагүй шүү дээ. Гэхдээ энэ улс хөгжих эсэх нь бидэнд ямар хамаа байх вэ. Гол нь “сохрын газар сохор, доголонгийн газар доголон” явах хэрэгтэй. Дарга амарвал бид ч амарна, яадаг юм.

Б.ЭНХМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж