Монголчууд дэнж хотойтол сайхан наадаж байна.
Жил жилийн наадмын дараа хогны асуудал тулгардаг. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэн тойроод нийтдээ 240 орчим хогийн сав байрлуулсан бөгөөд дүүрэг бүрээс 30 орчим ТҮК-ийн ажилчид талбайд ажиллаж байна.
Наадамчин олны газар хаясан ундааны лааз, чихрийн цаас зэргийг ТҮК-ийн ажилчид тухай бүрт нь гараар түүж, 5-10 минутын зайтай хогийн саваа эргэж тойрч байгаагийн ач тусаар цэнгэлдэх хүрээлэн цэмцгэр сайхан харагдаж байна.
Ингээд баяр наадмыг цэвэр цэмцгэр байлгахад гар бие оролцож буй ТҮК-ийн ажилчдаас дараах тодруулгыг авлаа.
М.Намуунцэцэг Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн ажилчин
“Өмнөх жил их цэвэрхэн байсан. Гэтэл энэ жил хүмүүс хог их хаяж байна. Ялангуяа тоглоом тоглуулж байгаа хүмүүсийн ойролцоо хог ихтэй байдаг. Манай Чингэлтэй дүүргээс нийтдээ 30 ТҮК-ийн ажилчин ажиллаж байна”.
Б.Цэцэгээ Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн ажилчин
“Бөмбөлөг хагалдаг тоглоомын ойролцоо нэлээд хогтой байдаг. Энэ нь жаахан хүндрэлтэй байна. Бусад газар харьцангуй гайгүй байна. Наадамчин олондоо хандаж хэлэхэд хогоо хогийн саванд хийж, ухамсартай яваарай” гэсэн юм.
Иргэдийн хувьд наадмын талбай дээр хогоо хаячихаад хогийн сав олдохгүй байсан”гэдэг шалтгаан хэлдэг байсан бол энэ жил хогийн сав эгнүүлэн тавьжээ. Гэсэн хэдий ч чихрийн цаас, ундааны саваа газар хаяж байгаад ТҮК-ийнхэн шүүмжлэлтэй хандаж байлаа.
Тиймээс ойр орчимдоо хог тарихгүй байх, хогоо заавал хогийн санд хийж цэмцгэр сайхан наадамлахыг уриалж байна.
Т.НОМИН