Эх орноо магтан дуулсан “Харанга”-ын үдэш

Хуучирсан мэдээ: 2016.07.12-нд нийтлэгдсэн

Эх орноо магтан дуулсан “Харанга”-ын үдэш

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатарын үдэш-Эх орноо магтан дуулъя” шоу тоглолтыг нийслэлийн төв талбайд зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн шоу тоглолт өчигдөр /2016.07.11/ орой 21.00 цагаас эхэлсэн бөгөөд рок попын дуучид болон “Харанга” хамтлаг нийслэлчүүддээ амьд хөгжмийн тоглолтоо хүргэлээ.

Тоглолтын эхэнд амьд хөгжмийн төлөөлөл “UFO” хамтлаг гарч ирэн, хотын хэмнэлийг мэдрүүлсэн бол тэдний дараа хүсэн хүлээсэн “Харанга” хамтлаг тайзнаа гарч ирэв. Харангынхан “Мориндоо”, “Сар шиг хол нутаг”, “Чи”, “Дүрсгүй жаалууд”, “Халуун элгэн нутаг”, “Зөвхөн монголдоо”, “Толин хул” зэрэг сэтгэлд хоногшсон дуугаараа төв талбайд цугласан нийслэлчүүдийг огшоож байв.

Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ

Сайхан монгол бүсгүйг санахгүй гээд яах вэ

Зориод очсон газраа дасахгүй гээд яах вэ

Зоргоор орхисон нутгаа санахгүй гээд яах вэ

Харин тоглолтын хоёрдугаар хэсэгт Харанга хамтлагийн “Москвагийн бороо”-г дуучин Отгоо, “Шивнээ”-г Нисванисын Амгаа, “Зүүдэндээ би”-г “Лемонс” хамтлагийн Одноо, “Дөрвөн улирал”-г “UFO” хамтлагийн дуучин Содоо, “Шүүдэрцэцэг”-г “Fire” хамтлагийн Далай, “Замд гаръя”-г Наран нар эгшиглүүллээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж