АНУ өрийн асуудлаа шийдэхгүй бол хүнд байдалд орно

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

АНУ өрийн асуудлаа шийдэхгүй бол хүнд байдалд орно

Б.КЛИНТОН: АНУ ӨРИЙН АСУУДЛАА ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ
БОЛ ХҮНД БАЙДАЛД ОРНО


АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон “Real clear politic” сонинд ярилцлага өгч, АНУ-ын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярьжээ. Түүний ярилцлагыг хүргэе.

-АНУ-ын эдийн засгийн асуудал дэлхийн хэмжээнд яригдахаар болчихлоо. Гэхдээ тэр тухай түр азнаад Вашингтонд Ардчилсан болон Бүгд найрамдахчууд АНУ-ын Засгийн газрын өрийн асууд­лаар тохиролцоонд хүрч ча­дахгүй санал хуваагдчихаад бай­гаа тухай ярилцъя. Ирэх сарын 2-нд энэ тухай эцэслэн шийдвэрлэж чадах болов уу?

-Би Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж ажиллаагүй нэлээд урт хугацааг ардаа орхижээ. Тийм болохоор АНУ-ын Сангийн яам өрийн асуудлыг цэгцэлж чадах эсэхийг одоо хэлж мэдэхгүй байна. Миний бодлоор тэд хэсэг хугацаанд төлбөрийн хуудас гаргаж чадах боловч дараа нь эргээд хүнд байдалд орох байх. АНУ-ын улс төрийн тогтолцоо нөхцөл байдлыг гартаа авч чадахаа больчихлоо. Энэ л хамгийн том аюул.

-АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сенатор байх үедээ өрийн дээд хязгаарыг нэмэхийн эсрэг санал өгч байсан, тийм үү?

-Тийм.

-Харин одоо тэр үүндээ ха­рамсаж байна. Б.Обама “Тухайн үед би алдаж байжээ” гэж хэлсэн?

-Тийм. Гэхдээ хэрэв чи Ерөнхийлөгч биш бол асуудлыг арай өөр өнцгөөс харна шүү дээ. Ямар ч орны Засгийн газар өрийн дээд хязгаарыг нэмэхийг хүсдэггүй. Ингэвэл хэтдээ маш их мөнгө төлөх шаардлагатай болно гэдгийг бүгд мэдэж байгаа. Тиймээс ийм шийдвэр гаргахаас аль болох зайлсхийдэг. Нөгөө талаас бас ингээд орхичихож болохгүй асуудал  гэж байна.

-Гэхдээ өнөөдөр АНУ-ын Засгийн газар өрөө төлж чадахгүй болчихоод байна. Энэ бүхэн дампуурал, хямралыг даллана гэдэг нь ойлгомжтой. Харин дундаж давхрагын америкчуудад энэ нь хэрхэн нөлөөлөх бол. Ийм үед ямар алхам хийвэл хамгийн зөв бэ?

-Юун түрүүнд бодлогын хүүг нэн даруй нэмэх хэрэгтэй. Хэрэв төсвийн алдагдал ихэсвэл АНУ-ын Засгийн газрын төлөх ёстой өрийн хэмжээ ихэснэ гэсэн үг. Учир нь бид илүү их мөнгө зээлэхийнхээ хэрээр тэр нь ирээдүйд төлөх өр болох юм. Бодлогын хүүг нэмсний ачаар өдөр ирэх бүр нэмэгдэж буй өрийн хэмжээг хязгаарлах вакумжуулсан орчинг бий болгож чадна гэсэн үг. Гэхдээ хүүгийн  дарамт зээлийн карт, коллежийн төлбөр, моргейжийн зээл гэх мэт бүхий л зүйлд нөлөөлөх нь дамжиггүй. Энэ нь гол асуудал болоод байна.

-Тэгэхээр ирэх сарын 2-нд хэлэлцэх асуудал их ноцтой байх нь, тийм үү?

-Тийм. Магадгүй тэр үед гаргах шийдвэрээс хамаараад манай улсын эдийн засаг цаашид тогтвортой байж чадах эсэх нь шийдэгдэж болох юм. Гэхдээ түр хугацаанд шүү дээ. Харин урт хугацаанд өрийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхгүй бол болохгүй. Өмнө нь ийм зүйлтэй нүүр тулгарч байсангүй. Хэрэв өрийн дээд хязгаарыг нэмэхгүй бол ирээдүйд төсвийн тэнцвэрт харьцааг зохицуулж чадахгүй болно. Яг л “Намайг уучлаарай. Би хийсэн зүйлдээ харамсаж байна. Тиймээс өмнөх өрөө төлж чадахгүй” гэж байгаатай адил сонсогдоно. 

-Энэ бүхнийг яаж зохицуулах вэ. АНУ-ын засаг захиргаа ямар ч шийдвэр гаргасан бай хамаагүй тэр нь тодорхой  хэмжээнд хор хохирол учруулах нь дамжиггүй болчихлоо. Бүгд найрамдахчууд ямар нөхцөл байдал үүсэхээс хамаарахгүйгээр татвараа нэмэхгүй гэх байр суурин дээр хатуу зогсож байгаа. Тэгэх боломж байна уу?

-Магадгүй түр хугацаанд зохицуулах арга байж болох юм. Гэхдээ миний бодлоор татвар нэмэхгүйгээр өрийн асуудлыг урт хугацаанд шийдвэрлэх боломжгүй. Учир нь АНУ-ын өнөөгийн нийгэмд дундаас дээш орлоготой хүмүүсийн тоо олон байна.

-Мужийн захирагч нар төсвийн тэнцвэрийг хадгалахын тулд ямар нэгэн алхам хийх ёстой юу?

-Уг нь ингэх албагүй ч гэсэн үндэсний хэмжээнд яригдаж байгаа асуудалд тэд ч гэсэн тодорхой хувь нэмэр оруулах ёстой. Төсвийн тэнцвэрийг хадгалж чадвал зээлийн хүү буурах давуу талтай. Гэхдээ бодлогын хүүг нэмэх нь хувийн хэвшлийнхний хувьд хүндхэн асуудал болно.

-Та өнгөрсөн долоо хоногт “CGI America Conference” хуралд оролцох үедээ банк, корпорациуд, хувийн хэвшлийнхэн хоёр их наяд ам.долларын хөрөнгө гаргаж, ажиллах хүчний зах зээлд хөрөнгө оруулах хэрэгтэй гэж хэлсэн. Үнэхээр тийм үү?

-Тийм. Тэдэнд төдий хэмжээний хөрөнгө бий. Үүгээр дамжуулж, зах зээл дэх ам.долларын нийлүүлэлтийг нэмэгдүүлж болно. Цаашлаад олон ажлын байр бий болно. Эдийн засгийг тогтворжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг ихэсгэх цорын ганц гарц бол ажлын байрны тоог нэмэх. Нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх бүрт 7000 ажлын байр шинээр бий болно гэх тооцоо бий.

Т.ЭЛИСА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж