Ли Көцян шинэ Ерөнхий сайдад мэндчилгээ ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2016.07.12-нд нийтлэгдсэн

Ли Көцян шинэ Ерөнхий сайдад мэндчилгээ ирүүлжээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн сайд Ли Көцян долдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Монгол улсад айлчлал хийх гэж байгаа. Тэрбээр Монгол улсын шинээр томилогдсон Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатад шинэ албанд томилогдсонд баяр хүргэн мэндчилгээ ирүүлсэн тухай Хятадын Синьхуа агентлаг мэдээлсэн байна. 

“Монгол, Хятад хоёр нь нөхөрсөг харилцаатай хөрш орнууд. Манай хоёр орон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж, олон салбар чиглэлд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байна. БНХАУ Монгол улстай харилцах харилцаандаа онцгой ач холбогдол өгч харилцан хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч, энэ харилцаа нь хоёр улсын аль алинд үр шимээ өгөхийг хүсдэг” хэмээн мэндчилгээндээ өгүүлжээ.

Төрийн зөвлөлийн сайд Ли Көцян айлчлалаа залгуулаад Улаанбаатар хотноо долдугаар сарын 14-15-нд болох Ази-Европын дээд хэмжээний уулзалтад оролцох юм.

Монгол улсын ГХЯ-наас мэдээлснээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны айлчлал хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг урагшлуулах, шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны хэлэлцээ хийнэ. Монгол Улсын Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Ерөнхий сайд Ли Көцян бараалхана.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж