Наадам айсуй, морь ярья

Хуучирсан мэдээ: 2016.07.12-нд нийтлэгдсэн

Наадам айсуй, морь ярья

Эмэгтэйчүүдийн бөхийн барилдаанд Лхам түрүүлж, улсын заан болжээ

Дэнж хотойлгон эхлэх дэлхийд ганцхан Монгол наадам эхлэх гэж байна. Монгол наадам нь хуульд томьёолсноор бол Үндэсний их баяр наадам юм. Нийслэл хотод болдог нь Улсын баяр наадам, бусад нь засаг захиргааны нэгжээр нэрлэгддэг Аймгийн наадам, Сумын наадам гэсэн албан ёсны статустай.

Эртний уламжлалтай монгол наадамд эрчүүд морь уяж, сур харваж, бас барилддаг байсан тул эрийн гурван наадам гэж анх нэрлэжээ. Гэвч эмэгтэйчүүд барилдаж, бүр цол авч байсан удаатай. 1930-аад оны эхээр нам, засгийн удирдлагаас эмэгтэй, эрэгтэйчүүдийн эрх үүргийг тэгшлэх, хувийн бүх өмчийг хамтрал коммунд хураагаад буцааж тэгш хувааж хэрэглэх зорилт дэвшүүлжээ. Эл зорилтот хөтөлбөрийн дагуу эрчүүдтэй ижил эрхээр хангагдсаны баталгаа болгож наадамд эмэгтэйчүүдийн бөхийн барилдааныг оруулсан байна. Улсын баяр наадамд хуучнаар Богдхан уулын аймгийн Шажинбүрх хошууны Лхам гэдэг эмэгтэй түрүүлж заан цол авчээ. Наадмын түрүү сайхь эмэгтэй Булганы Бүрэгхангай сумын харьяат, улсын начин “дүүгүүр” Д.Гомбосүрэн (1964 оны начин)-гийн нагац эгч юм билээ. Тэрээр хожмоо нөхрөө даган Өвөрхангайн Хархорин, Хужирт тийшээ нутаглаж  байсан бөгөөд ойр хавийнхан нь “Лхам заан” гэж цолоор нь авгайлдаг байж.

Нийтийн дууны нэрт мастер Д.Банзрагч агсан (1973 онд гавьяат жүжигчин болсон) аймгийн заан цолтой бөх явсан нэгэн. Түүний ээж Дагийрагчаа 1930 онд нутагтаа, одоогийн Хөвсгөл аймгийн Галт сумын наадмын эмэгтэйчүүдийн барилдаанд түрүүлжээ. Хэнтий аймагт тухайн жил босоо Г.Самдан аваргын төрсөн дүү нэг эмэгтэй барилдаж түрүүлсэн байдаг. Харин аймгийн, сумын наадмын алин болох нь тодорхойгүй. Наадмын төрөлд  ингэж  эмэгтэйчүүдийн барилдааныг нэг удаа оруулаад дараа жилээс нь болиулжээ.

Эрийн гурван наадамд эмэгтэйчүүд албан ёсоор орж ирсэн нь

1958 оноос Улсын баяр наадамд эрийн гурав дээр бас нэгэн төрөл нэмэгдсэн нь эмэгтэйчүүдийн харваа. Анхны сур харваанд Дорнод аймгийн харьяат, нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Оюунханд харваач 20 сум тавьж 10 онож түрүүлжээ. Түүнээс хойш Үндэсний их баяр наадмыг “эрчүүдийн гурав, эмэгтэйчүүдийн нэг спорт” гэсэн ангиллаар зохиож байгаад 2001 онд эрэгтэйчүүдийн шагайн харвааг оруулснаар таван төрөлт болж өргөжөөд байна. Монгол наадам төрөл зүйлийн хувьд ингэж өөрчлөгдсөнөөс гадна салбар дотроо ангилал нь нэмэгдсээр иржээ. Тухайлбал, хурдан морины уралдаанд анх их нас, соёолон, хязаалан гэсэн гурван нас сойдог байсан. II Богдыг ширээнд залахад 1729 онд өөрийн биеэр байлцсан Германы жуулчин, академич П.С.Паллас “Гурав хоногийн дараа долдугаар сарын 5-7-нд морины уралдаан болсон ба Халхын бүх газраас ирсэн гурван насны нийт морьдын тоо 3732 байв” гэж тэмдэглэсэн байна.

1899 онд VIII Богдод шашин номын Бат-Оршил өргөснийг тохиолдуулан хийсэн төрийн Даншиг наадмаас эхлэн азарга, жороо морийг нэмж уралдуулжээ. Харин үүнээс дөрвөн жилийн дараа 1903 оны долдугаар сард VIII Богдыг Цэцэн хан аймагт морилоход зориулсан төрийн тусгай Даншигт уламжлалт их нас, соёолон, хязаалан, азарга, жороо морин дээр нэмж анх удаа даага, шүдлэн уралдуулснаар одоогийн морины наадмын бүтэц бий болсон түүхтэй.

Бестселлер номын зохиогч, морины А.Баярмагнай

Үндэсний морин спортын шинэ цагийн өргөөний хойморт суух эрхтэй нэгэн эрхэм бол Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай гуай. Дэндүү даруу нэгэн учраас голлож суух түшлэгт сандлаа бусдад тавьж өгдөг байж мэдэх юм. Түүний санаачилсан, хэрэгжүүлсэн ажил маш их. Тэгэхдээ үргэлж тэргүүн шугамд явсан нь бахархалтай. Монголын уяачдын холбоо гэсэн бие даасан байгууллага бий болгосон, Завханы Сар хайрханд анхны морины даншиг наадам зохион байгуулсан,  Үндэсний их баяр наадмын хуульд хурдан морь, уяачдын амжилтыг зөвхөн Улсын баяр наадмын айраг түрүүгээр хязгаарладаггүй, бүсийн даншиг наадмынхыг оруулдаг зүйл заалт суулгахын тулд УИХ-ын гишүүдэд ойлгуулах  хичээл заасан, монгол наадмыг ЮНЕСКО-д бүртгүүлэлцсэн гэх мэтээр цаашаа хөвөрнө.

Энэ эрхэм хүний “Түмний эх” ном 1972 оны наадмаар худалдаанд гарсан юм. Номын ертөнцөд бестселлер боллоо. 5000 хувь хэвлэгдсэн ч дороо зарагдлаа. Уг номын хавтсан дээр 1971 он гэсэн бичиг байгаа. Бодвол энэ огноо нь зохиогч Улсын хэвлэлийн газарт номын эхээ өгснийг илэрхийлсэн байх. Социализмын үеийн БНМАУ-ын нам, төрийн хамгийн сүүлчийн удирдагч Ж.Батмөнх 1984 онд Ерөнхий сайд болсноосоо хойш ажлаар хөдөө орон нутагт хэд хэд явсан билээ. Тэрээр орон нутгийн иргэд, хөдөөгийн хөдөлмөрчидтэй уулзалт хийгээд дууссаныхаа дараа “Та бүхэнд хүсэлт санал юу байна вэ” гэж асуудаг байж. Баруун аймгуудын нэлээд хэдэн суманд “Түмний эх” гэдэг номыг дахин хэвлэж өгөхийг хүсчээ. Ж.Батмөнх дарга төдий л чухалчилж ойшоосонгүй. Гэтэл зүүн аймгуудаар явсан чинь бас л нөгөө “Түмний эх”-ийг дахиж олон хувиар хэвлэж өгөхийг гуйж байх юм гэнэ. Ерөнхий сайд хөдөө томилолтоос ирснийхээ дараа холбогдох газруудад үүрэг өгч, үр дүнд нь А.Баярмагнай гуайн энэ ном  дахин 20 мянган хувиар 1989 онд хэвлэгдсэн.

Биднийг бага сургуулийн сурагч, хурдан морь унадаг байхад манай нутгийн уяачид “Түмний эх” номыг бараг цээжээрээ ярьдаг байв. Уншаад өгье гэхээр “та нар ном муухай болгочихно” гээд огт хавируулахгүй.  Тэдэнд байсан нь 1971 оны анхны хэвлэлтийнх. Бид бүр хожим 1989 онд нэмж засварласан хоёр дахь хэвлэлийг нь уншиж билээ. Номын эхний хуудас “Улсын хэвлэлийн газар. Улаанбаатар”-аас эхлээд ар талын хавтасны “Үнэ 3 төг 30 мөн”  хүртэл шимтэн уншсан. Шимтэн уншсан хуудас болгоноос яагаад ч юм бэ, одоо болтол хамгийн хамгийн нь Нийгмийн хонгорын тухай 89-өөс 92 дахь нүүр санагддаг юм. Уншигчдадаа тэр хэсгийг толилуулъя.

НИЙГМИЙН ХОНГОР

“Жар, далаад оны заагааp Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Нийгмийн хонгор гэдэг морь Монгол даяар алдаршиж байлаа. Нэгдлийн адуун сүргээс уяач Эвээний Дорж анх хонгор даага уяж хурдлуулаад ийм нэр цууд гарчээ. Нийгмийн хонгор дааган цагаасаа хойш аймаг, сумын наадамд туж түрүүлж, зөвхөн нэг удаа аман хүзүүлжээ. Нийтдээ 13 удаа түрүүлсэн байна. Хүмүүс Доржийг “Чи зөвхөн жалгын наадамд л уралдаад байна, хол явж уралдаач” гэнэ. Дорж тэр зөвлөгөөг хүлээн авч 1968 оны намар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн найман сум нийлж хийсэн том наадамд очиж, Нийгмийн  xoнгоp   түрүүлжээ.

1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойн их баяр наадмаар аймаг сумаараа л Нийгмийн хонгорынхоо тоосыг Улсын их баяр наадамд өргөх нь зүйтэй гэж үзэв. Энэ ч ёсоор Э.Дорж,  анд нөхөр Дугаржавын хамт морьдоо уян нутгаасаа гарч Улаанбаатарыг зорьжээ. Энэ үед хонгор морины тухай хэвлэл, радиогоор ч их ярьж, бичиж Сүхбаатар аймгийн гэрэл зургийн салбар зургийг нь авч, нэлээд сүржин тайлбар хийгээд олон хувилж худалджээ. Энэ бүгдээс болоод ард олны дотор Нийгмийн хонгорын тухай домоглон ярилцах болж элдэв цуурхал ч нэлээд дэгдсэн.

Тэдгээр уяачийг Улаанбаатарт дөхөх тусам тосон очиж үзэх, магтан сайшаах, цуурхаx улсын тоо ч улам л олширчээ. Тэр бүх хүмүүсийн олонх нь Нийгмийн хонгорыг бус Дугаржавын хонгор морийг үзээд буцаад байж. Энэ ямар учиртай юм бэ? гэвэл Эвээний Дорж Нийгмийн хонгорыг багаас нь эхлэн уяхдаа нэгэн цагт өлөн уралдуулж уухиа зантай, уяа ороод ирэхийн цагт өвс иддэггүй хуучтай болгожээ. Энэ бол Доржийн алдаа юм. Гэвч морь уях ажлыг өөрөө гардан эрхэлж үзсэн хэн боловч ийм алдааг хэн ч гаргана гэдгийг ухаарах нь дамжиггүй. Тийм учраас Нийгмийн хонгорыг өглөө аажуухан бариад, үдээс өмнөхөн хөлсийг нь буулгаад тавьдаг байлаа. Үүний учрыг мэдэхгүй зарим хүн “бэлчээрийн уяатай”, “эзэн нь хүний нүднээс нуудаг” гэх мэт ухвар мөчид цуу тарааж байсан юм. Улс даяар нэрд гарсан энэ эрдэнэт хүлгийг ирсэн газар бүрийн ард олон эрхэмлэн хайрлаж байлаа. Гэтэл морь уях ямар ч мэдлэг, дадлагагүй, том, бага албан тушаалтай, сайн дурын олон “эзэн” уяач Э.Доржид өөрсдийн саналыг тулган шаардаж байв.

Уяач Дорж их сунгаанд Нийгмийн хонгорыг Богд уулын энгэрийн ам бүхэнд цугласан гурав, дөрвөн зуун морьдтой нийлүүлэлгүй, тал газар цөөн морьдтой уралдаж байсан тул олон морьд, газрын бартаанд их давхилд нь л нэг нийлүүлье гэж шийджээ. Энэ бол хашир уяачийн тун зөв шийдвэр юм. Гэтэл Нийгмийн хонгороор гайхуулахыг гол болгосон нөгөөх олон “эзэн” сунгаанд олон морьдтой уралдуулахыг шаардав. Дорж үүнийг зөвшөөрөлгүй Дугаржавын хонгортой хоёулхныг нь сунгасан юм. Доржийн шийдвэрт дургүйцсэн нөгөөх олон “эзэд” цөм өөр өөрсдийн машинд суугаад Нийгмийн хонгортой уралдан хажуугаар нь хашгиралдан давхисаар олон морьдтой уралдахаас илүү бэрхшээлийг уул моринд учруулжээ. Ийнхүү Нийгмийн хонгорыг морьдтой бус машинтай сунгачихсан юм. Энэ хатуу уралдаанд Нийгмийн хонгор сул чулуу гишгэж зөв урагшаа мижилзэж байсан билээ.

Ардын хувьгалын 50 жилийн ойн их баяр наадмын их насны морьд гарах боллоо. Буянт-Ухаад ирсэн наадамчид цөм нэгэн дор хуран цуглаад цааш, нааш дүүлэн үүлгэрдэх сайхан цагаан хонгор морьтой хүүхдийг даган хошуурах нь хэтрүүлэггүй хэлэхэд газрын хөрс ийш тийш эргэн хөрвөх шиг болж байлаа. Энэ их дуулианы ар хударгаар хоёр индэрийн хоорондуур арваад морьтон ширүүхэн гарч ирлээ. Араас нь “ЗИМ” машин дагажээ. Энэ хэсэг морьтны эхэнд тод улаан цамцтай хүүхэд унасан, ахар дэлтэй, хар голтой улаан хул морь хазаар даран тэмүүлж явсан нь цуут Нийгмийн хонгор ажгуу. Харин цагаан хонгор морь нь Дугаржавын хонгор байсан юм.

Уул нь тэгж сүр зар болох хэрэггүй байсан юм. Түүгээр ч үл барам нутагтаа дадсан заншил ёсоор, долдугаар сарын 10-ны шөнө Нийгмийн хонгорыг морь эргэх газрын ойролцоо авч хоноод өглөө нь мөн аажуухан бариад, эргэх газрын наахнаас эмээллэн мордуулах байсан юм. Гэдэс нь тогтдоггүй морийг ингэж л уралддаг, өөрөөр хэлбэл аль болохоор бага холхиулдаг. Нийгмийн хонгорыг нутагт нь ингэж л уралдуулж байсан. Эвээний Дорж ингэхээр завдсан боловч өнөөх олон “эзэн” гайхуулах сайрхах дурандаа хөтлөгдөн түүний санааг эрс няцаажээ. Хурдан морь уях, уралдах талаар балчир хүүхдийнхээс илүүгүй ойлгоцтой тэдгээр хүний үгэнд орсон нь Доржийн хоёр дахь алдаа юм. Эргэх газраа хүртэл бараг 30 км газар шогшиж очиход Нийгмийн хонгорын гэдэс зайлагдаж гүйцжээ. Гэвч алдарт Нийгмийн хонгор эргээд уралдахдаа тэр олон хурдны дундаас нэгэн үе сугаран гарч чадаад Айдасын даваан дээгүүр айргийн тавд давхиж ирсэн билээ. Харамсалтай нь түүнээс цааш дандаа газрын уруу замд өлөн гэдэс нь зайлагдаад олигтой хурдан давхиж чадалгүй 66-д ирсэн юм. Тэр цагт манай нийгэмд ноёрхож байсан захиргаадах арга барил хурдан морины уралдаанд хүртэл ингэж нөлөөлж байлаа шүү дээ. Нийгмийн хонгорын улсын наадамд уралдсан түүх ийм буюу”.

Нэмэлт тайлбар. Харамсалтай нь, Нийгмийн хонгор улсад түрүүлж айрагдаагүйн шалтгаан нь А.Баярмагнай гуайн өгүүлснээс гадна бас өөр асуудал байсан юм билээ. Уржнан зун, зурагтаар Э.Дорж уяачийн галд 1971 оны наадмаар явж байсан нэгэн ярихдаа “Уралдахын урьд шөнө, манай морьд нэг газар овоороод байна. Юу байгаа юм бол гээд очоод үзсэн чинь зориуд барилгын шохой авчраад асгачихаж.  Хужирссан морьд ам хамраа цайртал идсэн байж билээ. Нийгмийн хонгор уралдах замдаа гэдэс нь дүүрээд харахад нүд халтирмаар болсон байсан. Давхиад ирсний дараа олойрт нь тас шигдсэн эмээлийн оломыг султгах гээд бүгд үзээд арлаар нь мулталж чадаагүй. Хутгаар оломыг огтолж эмээлийг нь авч нурууг нь амраасан” гэж өгүүлж байв. Монгол наадмын морин уралдааны ариун дагшин чанар хар хорын атаархлын үйлдэлд сэвтэж байсан гашуун атлаа үнэн түүх ийм буюу. Нийгмийн хонгор Улсын баяр наадамд 1971 онд уралдсаны дараах жилүүдэд орон нутагтаа долоон удаа түрүүлсэн байна.

Б.ЕРЭНТЭЙ

ЭХ СУРВАЛЖ: “OPEN DOOR” СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж