Жил жилийн наадмын нээлтийг монголчууд хүсэн хүлээж байдаг. Энэ жилийн наадмын нээлтийг УДЭТ-ын найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулсан. Наадмын нээлтээр наадамчдын нүдийг ямар содон шийдлээр мялаах гэж байгаа талаараа ихээхэн ам чангатай байсан найруулагчийн шийдэл өчигдөр ил боллоо. “Сэтгэл огшоосон, омогшил бадраасан” гэсэн үгийг харамгүй илгээж байгаа наадамчдын үг залуу найруулагч зорьсондоо хүрчээ гэдгийг илтгэнэ.
Монгол түмний түүхийг үечлэн үзүүлсэн наадмын нээлт олон хүний сэтгэлийг хөдөлгөж чадлаа. Уржнан жилийн наадмын “Хонхны дуу”, ноднин жилийн наадмын социализмын бүтээн байгуулалтын сэдэвтэй нээлтүүдтэй харьцуулахад энэ жилийн наадмын нээлт наадамчдын сэтгэлд нийцлээ. Модун Шаньюугаас эхлэн өгүүлсэн монголчуудын түүхийг 1021 оны ардын хувьсгалаар өндөрлөж, 1990 оны ардчилсан хувьсгалыг багтаасангүй гэсэн шүүмжлэл дагалдлаа. Олон нийтийн сүлжээнд үүнийг зарим хүн зургадугаар сарын 29-ний сонгуулиар гарч ирсэн улс төрийн намтай холбон тайлбарлахыг оролдлоо. Сонгуулийн сэдвээсээ салаагүй хүмүүст тэгж санагдсан байж магадгүй. Ямар ч гэсэн сайхан нээлт болсон нь үнэн. “Энэ жилийн наадмыг найруулахдаа ард түмнээ үзэх юмтай, бодох юмтай, ухаарах юмтай, бахархах юмтай тийм сайхан наадам болгохыг хичээлээ. Хэрэв ард түмэн баярласан бол миний сэтгэл дагаад баярлана. Энэ наадмын гол утга учир бол бэлгэдлийн чанартай. Монголчууд сайн цагийг тосон авч, элбэг дэлбэг эрүүл энх, амар амгалан байхыг ерөөсөн. Аливаа юмны эхлэл сайхан байх тусам үйл ажиллагааны өнгө аяс тэр хэвээрээ өнгөтэй байдаг” хэмээн найруулагч Н.Наранбаатар нээлтийн дараа манай сэтгүүлчид хэлсэн байсан. Түүний хэлсэнээр тэр ард түмнээ баярлуулж чадлаа.
А.ШАРАВ