Их л том даваан дээр гарлаа даа

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Их л том даваан дээр гарлаа даа

19.00 цаг болж байлаа. Соёлын төв өргөөний үүдээр наадмын хүндэтгэлийн концертод бэлтгэж буй уран бүтээлчид бужигнана. Харин миний хүлээсэн хүн хараахан ирээгүй л байна. Тэгтэл утас дуугарлаа. “Сэтгүүлч эгч үү? Би Их дэлгүүрийн урд замын түгжрэлд орчихоод байна. Та жаахан хүлээж байгаарай” гэж уулзахаар болзсон хүн маань хэллээ. Сонгодог урлагийн олимпоос анхны медалийг Монголдоо авчирсан том дуучин ийнхүү жаахан хүү шиг ярихыг сонсоод өөрийн эрхгүй инээмсэглэв. “Даруухан л залуу юм” гэх эхний дүгнэлт толгойд зурсхийн орж ирлээ. Театрын ягаан байшинг хоёр дахь гэрээ болгон амьдралаа хөглөж яваа хэн ч байсан ийм даруулгатай, ах захтай болж төлөвшдөг бичигдээгүй хууль бий. Хатуу хуультай урлагийн гайхалтай нэг чанар нь.

Тийм ч их удалгүй тоглолтын хувцсаа барьсаар тэр ороод ирлээ. Бид суугаад ярилцлаа. Түрүүнээс хойш хүлээсэн хүн маань ДБЭТ-ын гоцлол дуучин, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны мөнгөн медалийг хэдхэн хоногийн өмнө хүртсэн Энхбатын Амартүвшин. 2008 оноос театрын гоцлол дуучнаар ажилласан тэрбээр СУИС-ыг 2009 онд төгссөн билээ. Одоо 24 настай.

Дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг Чайковскийн уралдаанаас ийм том шагнал ганзагалаж ирсэнд тань баяр хүргэе. Монголын сонгодог урлагт Олимпийн анхны медаль нь шүү дээ.

-news.mn-ийн бүх уншигчдад энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Энэ том тэмцээнд яваад эх орныхоо нэрийг гаргаад, санасан зорьсноо амжилттай биелүүлээд, бүтээгээд ирсэндээ маш их баяртай байна.

Тэр нэр хүндтэй тайзан дээр өөрийнхөө нэрийг улсынхаа нэртэй хамт дуудуулаад шагнал гардаад зогсож байхад юу бодогдож байх юм?

-Бидний хувьд энэ бол нэлээд том амжилт. Их л хэцүү даваа санагддаг байсан, өмнө нь. Гурван шатыг нь хэд хоногт даваад, тэгээд төгсгөлийн шатанд үлдээд, тайзан дээр гараад шагнал авахад сүрдэж л байлаа. “Их л том даваан дээр гарлаа даа” гэж бодсон. Аав, ээжээрээ, багш нараараа их бахархлаа. Их л сайхан санагдаж байсан даа, ер нь.

Нисэж байгаа мэт сэтгэгдэл төрөв үү?

-Бараг л тийм. Их омогшиж байлаа. Онлайнаар тэмцээнийг урлагийнхан, жирийн үзэгчид энд их үзсэн байсан. Би байнга утсаараа холбоо барьж байсан л даа. “Бид шууд үзэж байна. Чи яг тэнд сууж байна” гээд хэлэхээр хүн чинь сандардаг юм билээ. Гэхдээ маш сайхан.

Орон орноос шигшигдэж үлдсэн дуучидтай хамт нэг тайзан дээр дуулж байхдаа өөрийнхөө юугаар илүү бахархаж байв? Мэдээж бусадтай өөрийгөө харьцуулах, жиших зүйл тэмцээнд орж байгаа хүнд байдаг байлгүй дээ.

-Мэргэжлийн маш өндөр түвшинд бэлтгэгдсэн, дэлхийн А зэрэглэлийн мундаг том тэмцээнүүдээс тэргүүн байруудынх нь шагналыг авч байсан дуучидтай өрсөлдсөн. Энэ том дуучдын альхан талд нь явна гээд өөрийгөө жишээд, бодоод, айгаад, догдлоод, хөөрөх үедээ хөөрөөд явж байхдаа нэг зүйлийг анзаарсан. Манай сонгодог урлаг нэлээд өндөр түвшинд очсон юм байна гэдгийг ойлгосон. Миний хоолойны дуугаралт, тавилтыг их сонирхож байсан. Тэмцээнд оролцож байгаа дуучдаас өгсүүлээд, үзэгчид, тэр ч байтугай дэлхийн том удирдаач Валерий Гергиев гэдэг хүн ч асуусан. “Хаана чи энэ боловсролыг эзэмшсэн юм бэ? Чиний багш гэж ямар хүн байна?” гэж. Миний багш, миний багшийн үеийн тэр агуу хүмүүс бидэнд энэ зам мөрийг үнэхээр гайхалтай сайхан тавьж өгчээ. Бидний үндэс суурийг маш сайн тавьж өгсөн юм байна. Ерөө багшаараа л их бахархаж байлаа даа. Намайг хаана сурсан, хаана мэргэжил дээшлүүлсэн гэж л асуугаад байсан. Итали өөр хаана ч байдаг юм зөндөө том газруудад мэргэжил дээшлүүлсэн гэж л ойлгоод байх шиг байгаа юм. Гэтэл би ердөө Монголдоо л СУИС-ыг л төгссөн хүн шүү дээ. Манай сургалт их сайн юм байна гэдгийг мэдэрсэн.

Мэдээж дээр нь бурхнаас заяасан авьяас их чухал.

-Тэгэлгүй яахав. Дуучин хүнд энэ бүгдийг зохицуулж явах ухаан хэрэгтэй. Ер нь дуурийн дуучны мэргэжил гэдэг маш хүнд шүү дээ.

Ийм бахархах сэтгэл төрсөн юм байж.Тэгвэл өөрийгөө чамлах сэтгэл төрөв үү?

-Сая ч яахав, дандаа магтуулсаар, дээшээ амжилттай явсаар байгаад шагнал аваад ирсэн болохоор тэр талаар нэг их зүйл бодогдсонгүй. Гэхдээ жижиг, жижиг зүйл анзаарагдалгүй яахав. Тэр олон мундаг дуучдын дунд байгаа юм чинь. Герман, Австрийн дуучид, тэр орны хөгжмийг сонсож сурсан дуучид арай өөр байна уу гэж анзаарсан.

Орчин нөлөөлж байна гэж үү?

-Нэгдүгээрт орчин. Нөгөө талаас тэдний олж авсан соёл байна.

Түрүүнд өөрөө шагнал гардах мөчид их омогшиж байлаа гэсэн. Амартүвшин ингэхэд юунд хамгийн ихээр омогшдог хүн бэ?

-Тэмцээний үеэр надад сайхан сайхан урмын үг мессежээр ирж байсан л даа. Тэр маш их дэмжлэг болно. Дээрээс нь монгол хүн их зоригтой шүү дээ. Өөртөө итгэлтэй. Монголын хоёрын хоёр баритон хоолойтой дуучин шилдэг дөрвөн дуучинд багтсанд маш их бахархаж байлаа. Аргил хоолойтой дуучид гэдэг чинь чанга дуутай, их сүрдмээр улсууд байдаг шүү дээ. Манай гавяат жүжигчин Болд багш мессеж явуулсан. “Монголын баритонуудын сүр хүчийг үзүүлээд ирээрэй, миний хоёр дүү” гэж. Тэгэхээр хүн бас жаахан онгирдог юм байна. Урьд нь энэ Чайковскийн тэмцээнд манай ганц дуучин шагналт дөрөвдүгээр байрт шалгарч байсан. Гавьяат жүжигчин Ганбат агсан. Тэр хүн бас баритон хоолойтой байсан.

Анх удаа гадаадад тэмцээнд явахдаа хэр сандарч байв? Одоо ч туршлагатай боллоо шүү дээ.

-Ер нь сандарна шүү. Хамгийн анх гадаадад өнгөрсөн жилийн өдийд Галина Вишневскаягийн нэрэмжит тэмцээнд Орос руу явсан. Анх удаа дан гадаад дуучидтай өрсөлдөж үзэж байлаа. Айсан. Биеэ барьж байсан. Тэгээд хэд хэдэн тэмцээнд ороод ирэхээр арай өөр болдог юм байна.

-“Смол арт” гэдэг агентлаг таныг тэмцээнд оруулах бүх зүйлийг зохион байгуулж, тусалж дэмждэг гэж сонссон. Тэр ямар агентлаг вэ? Яаж тэдэнтэй холбоо харилцаа тогтоосон тухайгаа ярьвал сонин байх болов уу.

-Тэр агентлагийн тэргүүн нь яг одоо миний менежерээр ажиллаж байгаа. Сергей Молчанов гэж хүн. 2009 онд манай Солонго багш Мөнгөнцэцэг гавяаттай Глинкийн тэмцээнд явж, түрүүлсэн шүү дээ. Тэр үеэр энэ хүн Солонго багштай танилцаад, “Танай Монголын дуучид их сайн дуучид байдаг юм байна. Дараа ирэхдээ надад сонсгоорой” гэж хэлсэн гэсэн. Бид Галина Вишневскаягийн уралдаанд тавуулаа явсан. Тэгээд бид ингээд ирлээ, танд сонсгоё гээд Солонго багш маань тэр хүнтэй дахин уулзсан. Тэгээд надтай хамтарч ажиллахаар шийдсэн. Намайг их үнэлсэн. Тэр хүний дэмжлэг туслалцаатай их сайхан явж байна. Миний амжилтын тодорхой хувь энэ хүнтэй холбоотой шүү. Менежерийн хувьд маш сайн менежер. Тэр хүнд баярлаж явдаг даа.

Сая Чайковскийн уралдаанаас шагнал хүртэхэд чинь тэр хүн хэр их баярлав?

-Миний бэлтгэл, уралдаан гээд бүх зүйлд хамтдаа байсан. Бид хамтдаа зүтгэсээр байж л тэр медалийг авлаа. Менежер маань зөндөө их баярласан.

Амартүвшингийн мөрөөдөл ер нь юу юм бэ?

-Дэлхийн хэмжээний дуурийн дуучин болохыг хүсдэг. Тэрийгээ биелүүлэхийн төлөө л зүтгэж байна.

Биелүүлэх эхний алхмаа хийчихлээ.

-Тэглээ.

Театрынхан их олуулаа нисэх онгоцны буудал дээр тосож авсан сурагтай байсан.

-Намайг ирдэг дөрөвний өглөө дарга нараас эхлээд, гоцлол дуучид бүгд ирсэн. Өмнө нь надад их олуулаа угтаж авна шүү гэж хэлж байсан л даа. Яг хүрээд иртэл аав, ээж, эмээ, ах дүү , театрынхан гээд тэр чигээрээ ирсэн байсан. Театрынхан маань маш их баярласаан.

Чайковскийн тэмцээний мөнгөн медаль бол мэдээж нийт монголчуудын баяр. Амартүвшингийн баяр. Харин Амартүвшин хамгийн түрүүнд хэнд баярлалаа гэж хэлмээр байна?

-Багшдаа. Таван жил надтай ажиллаж, намайг дуучин болгосон тэр агуу хүнд. Соёлын тэргүүний ажилтан Цэрэнпилийн Ерөө гэж хүн миний багш. Зөвхөн мэргэжлийн хичээлийг биш надад амьдралын ухаан заасан ачтай хүн. Бас намайг тэмцээнд авч явж, өчнөөн хоног надтай хамтдаа айж, чичирч, баярлаж байсан төгөлдөр хуурч Солонго багшдаа баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна. Миний бүх бэлтгэл, сургуулилтыг тэр хүн л хийлгэдэг. Аав, ээждээ, театрынхаа бүх хүмүүст бас баярлалаа.

Төгөлдөр хуурчтайгаа ойлголцож, бие биеэ мэдэрнэ гэдэг их чухал байх.

-Солонго багш бид хоёр маш сайн ойлголцож чаддаг. Манай багш хамт тэмцээнд явахад их түшигтэй. Сайхан хүн.

Ерөө багшдаа хэр их загнуулдаг байв аа?

-Загнуулах үе байлгүй яахав. Гэхдээ манай багш их зөөлхөн хүн. Барагтай уурлахгүй. Хааяа нэг уурлахаараа харин жаахан чанга. “Миний хүү энийгээ тэг ингэ” гээд л учирлаж хэлдэг.

Амжилтад хүрэхэд өөрт заяасан авьяасаас гадна бас олон хүчин зүйлс нөлөөлнө. Өөрийн тань амжилтад хүрэх гол түлхүүр болсон хувь хүний чанар гэвэл?

-Би ер нь аливаа зүйлийг нарийн төлөвлөдөг. Эмх замбараатайгаар, дэс дараалалтайгаар юмыг сурах дуртай. Өдөр өдөр сурах зүйлээ, хийж амжуулах зүйлээ төлөвлөдөг. Өөртэйгээ ажиллах их дуртай. Багш надад тэгж хэлсэн. Тэгвэл ингэвэл ямар байна гэдэг ч юм уу, их олон талаас нь эрэлхийлэх дуртай.

Мэргэжлийн хувьд ийм байдаг юм байж. Тэгвэл хувь хүний хувьд ямар нэг асуудал тулгарлаа гэхэд бас л өөрөө өөртэйгээ ярих дуртай юу?

-Бас тийм ч их санаашраад байдаг дотогшоо хүн биш. Хүнд хэлчихмээр, ярьчихмаар санагдаад байдаг юм. Дотроо хадгалаад байж чаддаггүй.

Тэгвэл сэтгэлээ хуваалцдаг хэр олон найзтай вэ?

-Найзууд бий.

Их нийтэч хүн үү?

-Хүн амьтнаас зугтаагаад л, энүүгээр тэрүүгээр яваад байдаг хүн биш. Гэхдээ нэг их илэн далангүй ч хүн биш. Дундаж л юм уу даа.

Хэн нэгнээс зөвлөгөө авах хэрэг гарвал хамгийн түрүүнд очдог хүн байдаг шүү дээ. Таны хувьд?

-Ээжтэйгээ л ярьдаг даа. Ер нь их нууц юмаа, хэлмээр санагдсан юмаа ярьдаг. Өөрийнхөөрөө баймаар санагдах үе байдаг шүү дээ. Тэр үедээ ээж дээрээ л очдог. Намайг маш сайн ойлгодог юм.

Ээжийн эрх хүүхэд байсан юм уу даа?

-Ах, дүү хоёроо бодвол эрх биш ээ. Багадаа би чинь их зөрүүд, муухай ааштай хүүхэд байсан гэсэн. Ганцаараа л энэ тэрүүгээр дуулаад явж байдаг. Одоо бол яахав, өөр болсон.

Аав, ээжийнхээ тухай яриач.

-Миний аавыг Энхбат гэдэг. Олон жил дунд сургуулийн захирал хийсэн багш мэргэжилтэй. Ээж маань бас багш, Оюунбилэг гэдэг хүн бий. Гурван хүүтэй айлын дундах нь.

Энд тэнд тэмцээнд орох гээд явахад ээж, аав нь юу гэж захидаг вэ?

-Болгоомжтой явж байгаарай л гэдэг юм.

Амартүвшингийн хамгийн үнэтэй баялаг?

-Би ах дүү нараараа л их бахархдаг. Юугаараа баян бэ гэвэл зөндөө л юм байна даа.

Жишээлбэл?

-Сайхан хамт олон байна. Аав, ээж минь байна. Ах, дүү хоёр маань байна. Авьяас байна. Үнэхээр чин сэтгэлээсээ дуртай, зүүдэлж хонодог мэргэжил байна. Заяасан авьяасыг хөгжүүлж өгсөн багш нар маань бас л нэг үнэтэй баялаг.

                                                                                                            Б.ЦАЦРАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж