Хүй долоо худагт 2000 гаруй цагдаа хамгаалалтад гарч, наадамчин олны аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Шүдлэн, Хязаалан насны уралдаанаар өчигдөр Тулгар Төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр албан ёсоор Хүй долоо худагт эхэлсэн. Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын Цагдаагийн газарт нийт 44 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 15 хулгайлах, тав нь танхайн, авто осол, жолоочтой холбоотой 12 хэрэг байжээ. Хүй долоо худагт олон түмэн гэмт хэрэг, зөрчил гаргахгүйгээр тайван сайхан наадсан тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Гэхдээ эцэг, эхийн анхаарал болгоомжгүй, санамсаргүй байдлаас болж бага насны гурван хүүхэд өчигдөр Хүй долоо худагт төөрсөн байна. Иймээс цагдаагийн байгууллагаас аав, ээжүүдэд бага насны хүүхдээ байнга гараасаа хөтөлж, хяналттай яваарай гэдгийг анхаарууллаа.
Ахуйн осолд хүүхдүүд их өртөж байна
Баяр наадмын үеэр томчууд хүүхдээ хараа хяналтгүй орхисноос болж,бага насны хүүхдүүд олноор ахуйн осолд өртөж, гэмтэх болжээ. Өчигдрийн тухайд аав, ээжтэйгээ зугаалж явсан гурван настай хүү усанд осолдож, гэртээ түгжигдсэн өөр нэг гурван настан ахуйн хийд хордож нас барсан харамсалтай хэрэг гарчээ:
Цагтай уралдах биш, амь насаа хамгаалж яваарай
Мөн олон хоногийн амралт таарсан учир иргэд наадамлаж, зугаалахаар орон нутгийг ихээр зорих болсон байна. Ингээд орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлж, осол гаргах тохиолдол хэд хэд бүртгэгджээ. Иймээс жолооч нарыг орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо цагтай уралдах биш, амь насаа хамгаалж, хурдаа тохируулж, аюулгүй бүсийг зүүж зорчихыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж болохгүйг онцгойлон анхааруулсан юм.
Д.УУДАМ