Төрийн далбааны өдөр өчигдөр тохиож, төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд боллоо. хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд оролцож, 2000 гаруй цэргийн хүчний залуус ёслолын жагсаал хийлээ.
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд өчигдөр цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна.
Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар өчигдөр эхэлж, Дундговь аймгийн алдарт уяач Б.Баярсайханы хүү Лхагва-Очирын хүрэн үрээ түрүүллээ. Хязаалангийн аман хүзүүнд, Завханы Тосонцэнгэлийн Галдбадрахын Батбаатарын бор үрээ, гуравт Дундговь аймгийн Хулд сумын Нэргүйн Батжаргалын шарга үрээ, дөрөвт, Цэндийн Энхтайваны хонгор үрээ, айргийн тавд Ч.Мөнхсүрэнгийн бор үрээ уралдаж, наадамчин олноо баясгалаа.
Ази, Европын Дээд түвшний XI уулзалт долдугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотод болно. Уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахалж байгаа бол хурлын үйлчилгээ, аюулгүй байдал, зохион байгуулалтын асуудлыг хариуцсан бэлтгэл ажлын алба Гадаад хэргийн яамны дэргэд ажиллаж 20 гаруй сарын хугацаанд бэлтгэл ажлыг хангаад байна. Хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтын хүрээнд нээлтийн болон салбар, хаалттай хуралдаанууд болох бөгөөд АСЕМ-ын 20 жилийн ой, урлаг соёлын тоглолт, хүндэтгэлийн хүлээн авалт, бэсрэг наадам зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах юм. Эдгээр арга хэмжээ болох Шангри-Ла зочид буудал дахь уулзалтын танхим, Хэвлэлийн төв, Чингис хаан олон улсын нисэх буудал, Чингисийн хүрээ цогцолбор болон АСЕМ Вилла хотхоны бэлтгэл ажилтай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр танилцжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хурандаа Очирын Энхбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа Батцэнгэлийн Ганбаатар, Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Батчулууны Батбаяр нарт тус тус Бригадын генерал цол олголоо. Цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өчигдөр гардуулсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн саналыг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдсан Монгол Улсын начин Шүхэртийн Уламбаярт Улсын харцага, Монгол Улсын харцага Цэрэндашдоржийн Магалжавт Улсын заан цол тус тус нөхөн олгох тухай зарлиг гаргасан билээ. Уг зарлигийн дагуу өчигдөр Ш.Уламбаярт Улсын харцага, Ц.Магалжавт Улсын заан цол тус тус нөхөн олгосон байна.