ӨӨРСДӨӨ БЭЛТГЭЖ БАЙНА
Энэ удаагийн сурвалжлагаа Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Exclusive” компанийн оёдлын үйлдвэрээс бэлтгэсэн юм. Уг үйлдвэрийнхэн өдөр тутмын болон ажлын хувцас үйлдвэрлэж Монголдоо төдийгүй гадны хэд, хэдэн оронд борлуулдаг ажээ. Өчигдөр 11 цагийн үед үйлдвэр дээр очсон. Хаалгаар нь оронгуутаа тэнд өлгөөтэй байсан хувцаснуудыг харж, барьж үзээд Монголд үйлдвэрлэсэн хувцас, монгол барааны талаарх төсөөлөл маань огт өөр болсон юм. Энэ үйлдвэрийнхний оёсон хувцас үнэтэй зарагддаг гадны брэндийн хувцаснаас огт дутахааргүй юм билээ. Тэгээд ч үнэ харьцангуй хямд аж. Монголчуудад байдаг нийтлэг сэтгэлгээ юм уу даа. Оёсон хувцасыг нь харсан хүмүүс “Монголд ийм хувцас хийдэг юм уу” гэж гайхдаг гэсэн.
Хамгийн гол нь “Eхclusive” компанийнхан үйлдвэрлэлээ явуулахын зэрэгцээ дэргэдээ сургалтын төв ажиллуулж, Баянгол дүүргийн ажилгүй иргэдэд монгол, европ хувцас оёх арга, технологийг үнэ төлбөргүй зааж байгаа аж. Сургалтын төв байгуулах саналыг тус дүүргээс УИХ-д сонгогдсон гурван гишүүний нэг Ц.Мөнх-Оргил гаргаж, бүхий л талаар тусалж, дэмжсэн байна. Сургалтын төвийн нээлтийг энэ оны гуравдугаар сарын 8-нд хийж байсан билээ. “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг “Манайх 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид тэр үедээ Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон гурван гишүүнд хандаж “Бидний үйл ажиллагааг дэмжээч” гэсэн хүсэлт тавьж байсан юм. Тэгэхэд Ц.Мөнх-Оргил гишүүн бидний саналыг хүлээж аваад “Боловсон хүчин бэлтгэхэд бүхий л талаар тусалъя” гэсэн юм. Үйлдвэрлэл явуулахад хамгийн гол хүчин зүйл нь ажиллах боловсон хүчин байдаг. Манай улсад мэргэжлийн оёдолчин, эсгүүрчин, технологич бэлддэг сургууль бараг байхгүй гэж болно. Ажиглаад байхад үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүсийн “толгойны өвчин” нь боловсон хүчний асуудал байдаг юм билээ. Одоо хоёр дахь ээлжийнхээ сургалтыг ерөнхийдөө дуусгачихаад байна. Төгсөгчдийн маань зарим нь манай үйлдвэрт ажиллаж байгаа” гэж ярилаа.
Ямартай ч одоогоор европ, монгол хувцас оёх, сүлжмэл, нэхмэл эдлэл хэрхэн хийхийг заадаг 45 хоногийн сургалтад Баянгол дүүргийн 60 гаруй хүн хамрагдаад байгаа ажээ. Сургалтын төвд суралцсан хүмүүс бүгд ажлын байртай болсон байна. Түүнчлэн өөрийн гэсэн жижиг оёдлын цех байгуулсан хүмүүс ч байгаа гэнэ. Г.Майцэцэг захирал “Ц.Мөнх-Оргил гишүүний хамгийн гол хүсэж байгаа зүйл нь айл бүрийг өрхийн үйлдвэрлэлтэй болгох, санхүү, мөнгөний эх үүсвэртэй болгох явдал гэж би хувьдаа ойлгож байгаа. Манай компани л гэхэд төгсөгчдөөрөө хувцасаа захиалж оёулдаг болсон. Зарим хүмүүсийн хувьд өөрсдөө хувцас оёод, борлуулах нь хүндрэлтэй байдаг шүү дээ. Дүүргийн 60 гаруй хүнийг сургалтад хамруулсан гэдэг маань төдий тооны өрхийг тодорхой амьжиргааны эх үүсвэртэй болгож байгаа байх” гэлээ. Үйлдвэрийн ажилчидтай уулзахад “300 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн цалин авдаг. Нарийн мэргэжил эзэмшсэн хүмүүс Монголдоо өндөр цалинтай ажил хийж болдог” хэмээн ярилаа.
Х.Отгончимэг: -Би сургалтын төв нээлтээ хийж, үйл ажиллагаа явуулж эхлэхэд эхний ээлжийн сургалтад хамрагдсан. Би өөрөө оёдолчин. Хэчнээн юм оёж чаддаг байсан ч сургалтад сууснаараа өөр төрлийн хувцас оёж сурсан. Өмнө нь Чех, Унгар улсад ажиллаж байхдаа дандаа европ хувцас оёдог байсан. Одоо бол Монгол үндэсний хувцасаа хийж сурсан. Сургалтад хамрагдсан хүмүүсийн хувьд амьдралд нь тодорхой хэмжээгээр дэмжлэг болж чадсан. Зарим нь оёдол, сүлжмэлийн компанид ажилд орсон. Тухайн хүний амьдрал 100 хувь биш юм гэхэд тодорхой хэмжээгээр дээшилж л байгаа. Хүмүүс гэрээрээ ажиллах сонирхолтой болсон. Түүнчлэн гэрээрээ үндэсний хувцас оёж байгаа хүмүүс ч олон бий. Гэрээсээ гарах боломжгүй, хүүхдээ харж байгаа олон эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Би одоо өөрийн сурсан, мэддэг зүйлээ компанидаа ажиллаж байгаа залуу охиддоо сургах юмсан гэж бодож явдаг юм.
Э.Сарангоо: -Би уг нь барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй. Сургалтад хамрагдаад оёдолчин болсон. Төгсөнгүүтээ мэргэжлийнхээ дагуу “Exclusive” компанид ажилд орсон. Цаашид ч энэ мэргэжлээрээ ажиллах бодолтой байгаа.