Монгол роман дэлхийн хүндтэй өрсөлдөөний тавцан болох АМАЗОН-ы шалгаруулалтад анх удаа өрсөлдөж байна. Яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” роман үндэснийхээ уран зохиолыг төлөөлөн “VAJRA” буюу “Очир” хэмээх нэртэйгээр Америкийн “AMAZON”–ны “Kindle Scout”-аас зөвшөөрөгдөж, номын талбарын өрсөлдсөөнд орлоо. Амазоны санал асуулгад 100 гаруй ном оролцож байгаа юм.
Өнөөдөр өглөөний байдлаар "Очир эрхшээгч" ном Амазоны уншигчдын санал асуулгад нэгдүгээрт бичигдэж эхэлсэн талаар зохиолч Б.Батрэгзэдмаа өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ.
Тэрбээр "Барагцаа 20 мянга гаруй саналын 6800 саналыг одоогоор гадаадын, дотоодын уншигчидтай нийлээд "Очир эрхшээгч" ном маань аваад байна. 6800 саналын 35 % гадаадын уншигчид, Монголоос 65% нь юм байна. Саналаа өгч байгаа Монголоо гэсэн мөн Монголынхоо утга зохиолдоо хайртай та бүхэндээ баясаад л байна. Найз нөхдөө улмаа уриалаарай! Эрчээ алдахгүй юм шүү бид" хэмээжээ.
Номын зохиогч энэхүү романыхаа талаар “Номондоо дорны гүн ухаан, дээдийн номын гүн увидас хийгээд мэргэд гарсан Монгол "Номт орон"-ы нууц хүч чадал, ариун ангид оршихуйн мөн чанарыг нээн харуулахыг хичээсэн болно. Энэ ном, энэ түүх өдгөө дэлхийд дахин тодроосой хэмээн бичгийн хүмүүн би бээр хүсэн мөрөөддөг билээ. Дорнын их яруу найрагч Б. Явуухулан нэгэнтээ “Шүлэг минь хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн хэлсэн билээ. Энэ алдарт үг бол Монголын зохиолчдын орь хүслийн уриа үг юм. Өнөөдөр монголчуудын маань оюуны сэтгэлгээ аль ч талбарт дэлхийн хэмжээ рүү явж байна. Миний “Очир эрхшээгч” номыг манай уншигчид, гадаадад амьдран суугаа монголчууд маань, мөн Монголч эрдэмтэд хүртэл уншиж, орчуулан гаргах санал хүсэлт тавьж, ном маань Амазоны номын талбар дахь санал асуулгад оролцож байна. Бүтэн нэг сар байрлана. Эхний 5 хоногийн байдлаар гадаадын уншигчидтай нийлээд 5300 саналтай байна. 10-20 мянган уншигчийн санал хэрэгтэй байдаг. Долдугаар сарын 2-ноос наймдугаар сарын 1 хүртэл уншигчдын саналыг авна. Хорин мянган уншигчийн санал авсан ном хэвлэгддэг юм байна. Монголынхоо утга зохиолыг дэмжээрэй! Номын буян таньд болоод таны гэр бүлд хурах болтугай” гэжээ.
Уг номыг дэлхийн тавцанд дэмжих санал авалт долдугаар сарын 2-ны 12:00 цагт эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 1-ний 12:00 цагт өндөрлөнө. Та бүхэн зохиолч Б.Батрэгзэдмаа "Очир эрхшээгч" романд санал өгөхийг хүсвэл ЭНЭ холбоосыг сонгон, холбогдоорой.
"Очир эрхшээгч" роман нь монголчууд нэгэнтээ дэлхийг эрхшээж, мөнх тэнгэрийн ясу ёс, зарлигаар хүн төрөлхтөнийг засаглаж, Эзэнт гүрнийг байгуулан, улмаар "Бурханы номт орон" болж ариусал гэгээрлийн замыг бүтээн явсны түүхийг гэрчлэх бөгөөд өндөр төрөлхийт Монгол хүмүүс орон энэ газраас гэгээрлийн их хүчийг олж, мөнхүү олон богд дээдэс, хутагт, хувилгаан гэгээнтэнгүүд төрсний гайхамшигаас өгүүлдэг.
Уг номыг дэлхийн тавцанд дэмжих санал авалт долдугаар сарын 2-ны 12:00 цагт эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 1-ний 12:00 цагт өндөрлөнө. Та бүхэн зохиолч Б.Батрэгзэдмаа "Очир эрхшээгч" романд санал өгөхийг хүсвэл ЭНЭ холбоосыг сонгон, холбогдоорой.
Б.ЭНХ