Сирийн Пальмира хотын дээгүүр нисч явсан МИ-25 нисдэг тэргийг “Исламын улс” бүлэглэлийн дайчид буудан унагааснаас ОХУ-ын хоёр цэрэг амь үрэгдсэн байна. Башар аль-Ассадын засгийн газрын хүсэлтээр ОХУ-ын нисгэгчид Сирийн армийн нисдэг тэргээр исламын дайчдын эсрэг агаарын цохилт өгч явсан аж. Нисдэг тэрэг “Исламын улс” бүлэглэлийн байршилт цохилт өгөөд буцаж явах үед дайралтад өртсөн аж.
ОХУ-ын засгийн газраас албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн хоёр цэрэгт төрийн одон медаль нөхөн олгохоор шийдвэрлэжээ. ОХУ нь ”Исламын улс” бүлэглэлийн эсрэг Сирид агаарын цохилт өгч эхэлсэн 2015 оны есдүгээр сараас хойш 12 орос цэрэг амь үрэгдсэн байна. ОХУ нь зургаан сарын турш Сирид идэвхтэй агаарын цохилт өгснөөр Исламын улс бүлэглэл болон Сирийн босогчид багагүй хохирол амссан билээ.
Өмнө нь өнгөрсөн арваннэгдүгээр сард ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг Туркийн арми буудаж сөнөөснөөс хоёр цэрэг амь үрэгдсэн юм. Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА