Миний дуу хоолойг дэлхий нийт сонсож байгаа

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Миний дуу хоолойг дэлхий нийт сонсож байгаа

Ю.ТИМОШЕНКО: МИНИЙ ДУУ ХООЛОЙГ ДЭЛХИЙ НИЙТ СОНСОЖ БАЙГАА

Украйн улсын “Жүржийн хувьсгал” хүн болгоны сэтгэл зүрхэнд “Орчин үед хувьсгалыг ингэж хийдэг” гэсэн жишээг яруу тод харуулсан билээ. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Юлия Тимошенкогийн талаар шуугиж байсан. Гэвч саяхан түүнийг шүүхэд дуудсан юм. Шалтгаан нь “Ерөнхий сайд байх хугацаандаа улсын хөрөнгө завшсан, шамшигдуулсан” гэх үндэслэл юм. Одоо  асуудал нэлээд хурцдаж байна.

Жүржийн хувьсгал гэдэг нэр томъёо 2004 онд Украйн улсын нийслэл Киев хотын тусгаар тогтнолын талбай дээр улбар шар өнгийн туг, ороолттой хүмүүс жагссанаар гарч ирсэн юм. Тухайн үед “Улбар шар Украйн” улс дэлхий дахиныг доргиох шиг болсон билээ. Энэхүү хувьсгал нь 2004 оны арваннэгдүгээр сарын 22-ноос 2005 оны нэгдүгээр сар дуустал үргэлжилсэн. Жүржийн хувьсгалын гол удирдагч нарын нэг бол яахын аргагүй Ю.Тимошенко. Тэр бол жүржийн хувьсгалаар мандан гарч ирсэн Украйны нэртэй бизнесмэн эмэгтэй. Тэр байгалийн хийн асуудалд ОХУ-ын эсрэг зоригтой дуугарч чадсан хүн юм . Ю.Тимошенко 2007 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2010 оны гуравдугаар сарын 4-н хүртэл Украйн улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тус улсын улс төр судлаачид   Ю.Тимошенког “ОХУ-аас Украйн улсаар дамжин өнгөрөх байгалийн хийн асуудлаар өөрийн болон улсын ашиг сонирхолыг илэн далангүй шууд хэлсэн нэгэн” хэмээн дүгнэдэг. Харин олон улсын шинжээчид Украйны байгалийн хийн асуудлыг хоёр талаас тайлбарладаг. Эхнийх нь ОХУ-аас Украйн улсаар дамжин өнгөрөх байгалийн хий Европын ихэнх орнуудыг гэрэл цахилгаанаар хангах гол хүчин зүйл болдог. Тиймээс Украйн улс зөвхөн өөрийн ашиг сонирхолыг харгалзан үзэж бусад оронд нөлөөлж боолт хийж болохгүй. Нөгөө талаас ОХУ-аас ирж байгаа газрын хийг зөвхөн Украйн биш бусад орноор дамжуулан Европ руу нээх шинэ гарцыг хөндөхгүй байгаа нь олны анхаарлын төвд байсаар ирсэн.

Ю.Тимошенко энэ тал дээр Украйны санал бодлыг 100 хувь тулгасан хэмээн BBC агент­лаг мэдээлж байсан. Гэвч түүнийг Украйны сөрөг хүч­ний гол тө­лөөлөгч, одоогийн Ерөн­хийлөгч Вик­тор Янукович эрс эсэргүүцдэг бай­жээ. Харин В.Януко­вичийг ба­­рууны хэвлэлүүд “Крем­лийн  утсан хүүхэлдэй” гэж тодор­хойлдгийг энд дурьдах нь зөв байх. Ю.Тимошенкогийн амьд­рал гэнэтийн зүйлээр баялаг байдаг та­лаар түүний гэр бүлийнхэн 2006 оны нэгэн ярилцлаганд дурьдсан байдаг. Ю.Тимошенко нь 1960 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр энгийн гэр бүлд төржээ. Түүний ээж Телегина Людмила Николаевна болон эцэг Владимир Абрамович Григян нар Днипропетровск хотноо төрсөн аж. Мөн Ю.Тимошенко уг хотод арван жилээ төгсөөд    Днипропетровскийн уул уурхайн сургуульд элсэн орсон юм. 1979 онд тэрбээр сургуулиа өөрчилж цахим инженерийн ангийг дүүргэсэн аж. 1999 онд Киевийн олон Улсын эдийн засгийн их сургуульд  Профессорын зэргээ амжилттай хамгаалжээ. Харин  Ю.Тимошенко 1996 онд Кировохрад мужаас нэр дэвшиж, 92.3 хувийн санал хурааж улс төрийн гараагаа эхэлсэн билээ. Түүнийг Украйн улсын улс төрд хийж бүтээсэн зүйл ихтэй хэмээн ард иргэд нь ам сайтай байдаг талаар “Новости Украйн” ард иргэдийн хэлэлцүүлгийн үед онцолсон байдаг. 1999-2001 онд Украйн улсын эрчим хүчний яамны сайдаар ажиллаж байх хугацаандаа сар болгон хүмүүсийн эрчим хүчний зовлонг шийдэж, дахин хэзээ ч эрчим хүч тасрахгүй тийм шинэлэг санааг хэрэгжүүлсэн талаар Английн “Guardians” сонин нийтэлж байжээ. Мөн Ерөнхий сайд болоод ард иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлж, амжиргааны түвшинг дээшлүүлсэн удаатай.

Ю.Тимошенко өөрийн Twitter-д “Намайг шүүхээс холдууллаа. Өөрөөр хэлбэл улс төрөөс хэсэг хугацаанд ч гэсэн зайлууллаа. Гэхдээ хэн ч ийм утгагүй байдлаар нэгнийгээ шоронд хийх оролдлого хийдэггүй байсан гэдгийг В.Янукович мэдмээр юм. Гитлер, Сталин хэн ч бай, ийм зүйл хийхгүй байсан. Тэрбээр Украйн улсыг шорон шиг уур амьсгалтай болоосой гэж хүсэж байгаа нь тодорхой байна” гэжээ. Харин түүнийг “2009 онд ОХУ-ын нефть нийлүүлэгч “Газпром” болон “Нефтогаз” ХХК-уудтай тус тус хууль бус гэрээ хийсэн” хэмээн буруутгаж байгаа юм. Ю.Тимошенко шүүхийн өмнө “Та нар сонсож бай. Хэрэв намайг шоронд хийх олигтой шалтгаан гараад азаар хийх юм бол миний дуу хоолой одооныхоос ч чанга байх болно. Бүх дэлхийд та нарын булхайг дэлгэхэд бэлэн байгаа шүү. Энэ улсад шударга, үнэний тухай ойлголт дөнгөж бий болж байхад одоогийн эрх баригчид үүнийг үгүйсгэж байгааг ард түмэн харж байна” гэсэн нь олныг гайхшруулаад амжсан. Ажиглагчид энэ тал дээр өөрсдийн байр сууриа илэрхийлж хэвлэлийхэнд мэдэгдэл хийсэн билээ. Уг мэдэгдэл дээр “Иймэрхүү хуйвалдааныг Ю.Тимошенко шууд л илчлэх хэрэгтэй. Украйны ард түмэн үнэнийг хэзээд сонгоно. Шударга нийгэмд амьдрах бидний хүсэл мөрөөдлийн нэг” хэмээн онцолсон. Ю.Тимошенко ч энэ тал дээр хатуу байр суурьтай, тэвчээртэй байхаа ард иргэддээ хандан шүүх хурал дээр олдсон үг хэлэх боломжоо ашигласан. Цаашид түүний хууль бус гэрээ хийсэн, улсын хөрөнгийг шамшигдуулсан гэх үндэслэлүүд нотлогдох аваас тун хэцүү байдалд орох нь гарцаагүй болсон талаар CNN агентлаг мэдээлжээ.

Б.БААТАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж