Нүүдлийн гэр театр үүдээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2016.07.08-нд нийтлэгдсэн

Нүүдлийн гэр театр үүдээ нээлээ

Ардын язгуур урлагийг ахуйн соёлтой холбон театрчлан үзүүлэх “Номадик театр” өчигдөр /2016.07.08/ Чингис хааны морьт хөшөөний дэргэдэх “Ариг монгол хаад” жуулчны баазад нээлтээ хийлээ.

Тус театрын нээлтэд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид, СУИС-ийн оюутнууд болон ардын урлагийн “Жонон” хамтлаг оролцож, ардын язгуур урлагийн уран бүтээлээ сонирхуулсан юм.

Театрын нээлтийн үеэр “Номадик театр”-ын менежер М.Мөнхжаргал “Манай орон дэлхийн түвшинд танигдсан соёл иргэншилтэй улс хэдий ч олон улсын жишгээр соёлын аялал жуулчлал хараахан сайн хөгжихгүй байна. Тиймээс бид ардын язгуур урлаг тэр дундаа ховордож буй өв соёлын түгээхээр энэ төслийг нээж байна. Монгол улсад ирж буй жуулчид бизнес, байгаль, соёлын гэсэн аялал жуулчлалын чиглэлээр ирдэг гэсэн судалгаа бий. Одоогоор байгалийн аялал жуулчлал түлхүү хөгжиж байгаа учраас соёлын аялал жуулчлалыг ч мөн хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Ингээд манай театрыг зорин ирж, монгол урлагаараа бахархаарай” гэв.

Энэхүү театр нь уламжлалт нүүдлийн соёлыг харуулсан монгол эсгий 12 ханатай өргөө байх бөгөөд ардын язгуур урлаг болон монгол ард түмний ахуйн зан үйл, ёс заншлийн төгс хослолыг театрын урлагаар дамжуулан хүргэж буйгаараа анхны нүүдлийн гэр театр болж байна.

Уг театрыг зорин ирсэн зочид “Захчин” ястны хуримд уригдан гэрт орж, уламжлал ёсоор эрчүүд нь гэрийн баруун, эмэгтэйчүүд нь зүүн талаар сууцгаана. Цугласан олонд айраг амсуулж, цагаан идээгээр дайлж угтав. Монгол түмний олон үндэстэн, ястны дундаас “Захчин” ардын хурим хамгийн өргөн дэлгэр, нарийн ёс заншилтай байдаг учраас уг хуримын зан үйлийг сонгосон гэдгээ зохион байгуулагчид онцолж байлаа.

Хуримын зан үйл болон түүнтэй хослох бусад зан үйлийг бие биелгээ, ардын дуу, ерөөл магтаал зэргийг театрын урлагийн найруулгаар хүлээн авч үзсэн юм.

Ингээд зочдыг үдэн гаргахдаа араг савраар аргал түүх, нум сум харвах, сур элдэх уламжлалт зан үйлийг хийлгэж, үндэсний наадгайгаар тоглуулсан нь хүмүүсийн сонирхлыг ихэд татаж харагдлаа.

Ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал “Энэ театр нь дэлхийн хэмжээнд монголын ардын урлагийг сурталчлах шинэ бүтээгдэхүүний нэг болж чадна гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна. Нүүдлийн гэр театрыг гадаадын жуулчдаас гадна Монгол хүн бүр үзэж, сонирхох ёстой зүйлийн нэг юм. Энэхүү театрын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж