Төв цэнгэлдэх хүрээлэн наадамд бэлэн

Хуучирсан мэдээ: 2016.07.08-нд нийтлэгдсэн

Төв цэнгэлдэх хүрээлэн наадамд бэлэн

Үндэсний их баяр наадмын нээлтийн бэлтгэл ажил Төв цэнгэлдэх хүрээлэнд эд өрнөж байна. Үндэсний дээл хувцсаа өмсч, хүлэг морио эмээллэсэн жүжигчин, бүжигчин залуус, бүсгүйчүүд Төв цэнгэлдэхийн талбайд бэлтгэлээ хангаж байна.

Нийслэлийн Засаг дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга С.Батболд Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж, наадмын бэлтгэлтэй танилцах үеийн дүр зураг нэг иймэрхүү. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн энэ жилийн засвар шинэчлэлийн ажил үндсэндээ дуусчээ. Одоо Үндэсний их баяр наадмаа эхлүүлэх л үлдсэн гэдгийг зохион байгуулагчид энэ үеэр хэлж байлаа.

Өнгөрсөн өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна болон дотор засвар, шинэчлэл хийж дуусгажээ. Зөөврийн болон суурин 00-ыг засварлаж, ус хангамжийг шийджээ. Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар шинэчлэлд 120 сая төгрөгийг зарцуулжээ. Мөн төвийн зургаан дүүрэг өөрсдийн хариуцсан талбайгаа зохион байгуулж дууссан байна. Энэ жил цэнгэлдэхийн цахилгаан хангамж найдвартай болсон гэдгийг хэллээ. Ялангуяа телевизийнхэн наадмын оройн зураглал, дүрс авахад хангалттай, талбайн гэрэлтүүлгийг нэмжээ.

Мөн энэ жил наадамчин олны ая тухыг хангах үүднээс стадионы ойр орчимд шамбааралддаг автомашины зогсоолыг зохицуулжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын өдрүүдэд нийтдээ 600 орчим машины зогсоолыг бэлджээ. Үүний 180 гаруй нь гадна зогсоол. Гэхдээ өмнөх жилүүд шиг стадионы эргэн тойронд явган хүнтэй чихцэлдэн машин зогсдог байдлыг болиулахаар зохицуулжээ. Гадна байрлах 180 зогсоолыг стадионоос зайтай байрлуулжээ. Энэ ажил бүрэн дууссан байна.

Мөн 500 машины хүчин чадалтай дотор зогсоол бүхий сүүлийн үеийн байгууламжийг барьж байгаа. Зогсоолын бүтээн байгуулалтын ажил зургадугаар сарын 1-нээс эхэлжээ. Өнөөдрийн хувьд бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа орсон гэдгийг гүйцэтгэгч компани болох “Хурд” группийн хяналтын инженер Г.Бат-Өлзий хэлсэн юм. Зогсоол дотор лифт, аваарын шат гээд сүүлийн үеийн техникийг цогцлоосон гэв. Г.Бат-Өлзийгийн хэлж буйгаар наадамд зориулаад 3, 4, 5, 6 гэсэн зогсоолуудыг урьдчилан ашиглалтад  оруулахаар төлөвлөжээ. Уг дотор зогсоолд А зөвшөөрөлтэй, мөн дипломат байгууллагын машиныг зогсоох юм байна. Харин жуулчдын машиныг оруулах боломжгүй гэлээ. Учир нь жуулчдын машин ихэвчлэн автобус байдаг учир зогсоолд оруулах боломжгүй юм байна.

Наадмын автомашины зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг ЭНД-ээс авна уу.

Наадмын бэлтгэл ийнхүү сайн хангагдаж буй ч гол үзэгчдэдээ хүрэх тасалбар худалдаалалт хүндрэл, бухимдал үүсгэдэг билээ. Наадмын тасалбарыг өчигдрөөс худалдаж эхлэх байсан ч уржигдраас иргэд билетийн кассны гадна сандалтайгаа ирж дараалал үүсгэсэн. Ийм дүр зураг жил бүр болдог билээ. Тэгвэл хотын дарга С.Батболд наадмын бэлтгэлтэй танилцах үеэр тасалбар худалдаалалтыг цаашид хэрхэн зохицуулах талаар тодруулсан юм. С.Батболд “Уг нь тасалбар худалдаалалтыг онлайн хэлбэрт шилжүүлье гэсэн ч хүндрэл үүссэн. Ер нь наадмын тасалбар авах хүсэлтэй олон мянган хүн бий. Тэр бүгдэд тасалбар захиалгыг хөнгөвчлөх аргыг бодож байгаа. Эцсийн дүндээ Улаанбаатар хотод 30-40 мянган хүний суудалтай стадион барих зайлшгүй шаардлага үүссэн. Сая гаруй хүн амтай. Гэтэл стадион 10 мянган хүний суудалтай. Тиймээс цаашид шинэ стадион барих асуудалд хотын даргын хувьд анхаарна гэдгээ хэлье” гэлээ.

Наадмын тасалбар худалдаалалтын эргэн тойрондох сурвалжлагыг News.mn сайт бэлтгэн хүргэсэн. Тасалбартай холбоотой мэдээллийг ЭНД-ээс авна уу.

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж