Тив, дэлхий, олимпийн наадамд оролцох тамирчид, тэдгээрийг сурвалжлах сэтгүүлчдэд тулгамддаг нэг асуудал бол хэлний бэрхшээл. Бэлтгэл, сургуулилтын цаг хугацаа, дараалсан олон тэмцээнээс шалтгаалаад спортынхон тогтвор суурьшилтай юм уу, өөрийн боломжит цаг үед тааруулан гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломж тэр бүр ховор.
Спортынхны энэ мэт хүндэтгэх шалтгааныг харгалзан, цаг хугацааны болон төлбөрийн хөнгөлөлт үзүүлж, олон жил дэмжин ажиллаж байгаа байгууллага бол “Talk talk English“ сургалтын төв юм. Монгол Улсын үндэсний шигшээ баг, Монголын жүдо бөхийн холбоо, Пара олимпийн хороо гэхэд тус төвтэй хамтран ажиллаж, тамирчдаа сургаж байна.
Тэгвэл “Talk talk English“ төв өнөөдөр спортын тодотголтой бас нэгэн байгууллагад чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж буйгаа зарлаж, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллах Санамж бичиг үзэглэлээ.
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо нь спортын сэдвээр дагнан бичдэг сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаачид гээд 120-иод гишүүнтэй ТББ юм.
Спортын сэтгүүлчдийн өдөр тутмын ажлаас эхлээд гадаадад тэмцээн, уралдаан сурвалжлах, сургалт, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах зэрэгт зайлшгүй шаардлагатай бөгөөд байнга хөгжүүлж байх зүйл бол гадаад хэлний мэдлэг.
Тус төв Монголын спортын сэтгүүлчдийн мэдлэг, боловсролд хувь нэмэр оруулах үүднээс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тодорхой шатны сургалтуудад хамруулж ирсэн бөгөөд хамгийн сүүлд “РИО-2016” олимпийн наадмыг сурвалжлах сэтгүүлчдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр сургажээ.
Өнөөдөр энэхүү хамтын ажиллагааг албан ёсны болгон баталгаажуулахын сацуу нийт спортын сэтгүүлчдэд 50-100 хувийн хөнгөлөлтэй сургах гэрээг үзэглэсэн.
Санамж бичиг үзэглэх ёслолд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, “Talk talk English” боловсролын төвийн ерөнхий захирал Ч.Амарсанаа, Гүйцэтгэх захирал Тревор Сайрад нар оролцлоо.
“Talk talk English” боловсролын төвийн ерөнхий захирал Ч.Амарсанаа:
-“Сар хүрэхгүй хугацааны дараа Риогийн олимп эхлэх гэж байна. Энэ удаагийн олимпод Монгол Улсын шигшээ баг түүхэндээ байгаагүй олон хүний бүрэлдэхүүнтэй Бразил улсыг зорихоор боллоо. Спортын сэтгүүлчид мөн 4-5 хүн албан ёсны сурвалжлах эрхээ авч, Риог зорих гэж байна. Эрх авсан сэтгүүлчдээс манай сургалтын төвд хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцаж байгаа. Тив, дэлхийн олимпийн наадам сурвалжлах сэтгүүлчдийн хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд бид бүхэн хамтран ажиллахаар шийдэж, өнөөдөр гарын үсэг зурж байна. Тамирчдын ялалт, ялагдал бүрт хамт байдаг спортын сэтгүүлчдийнхээ цаашдын ажил үйлст амжилт хүсье” гэв.
МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар:
-“Спортын сэтгүүлчдэд англи хэл маш чухал шаардлагатай. Энэ цаг үед хамтарч ажиллахаар гарын үсэг зурж байгаад бид бүхэн баяртай байна. Азийн спортын сэтгүүлчдийн холбооноос жилдээ 4-5 хурал зохион байгуулж, хэлний шалгуураар сэтгүүлчдийг илгээдэг. Тэмцээн, уралдаан гэлтгүй энэ мэтчилэн спорт, олимпийн боловсролын мэдлэг мэдээллээ дээшлүүлэхэд сэтгүүлчдэд хэлний мэдлэг нэн хэрэгцээтэй. Сэтгүүлчид маань сургалтдаа идэвхитэй хамрагдаж, жилийн дараа өндөр үр дүн гарна гэдэгт найдаж байна.
“Talk talk English” боловсролын төвийн гүйцэтгэх захирал Тревор Сайрад:
-“Монгол Улсыг төлөөлөн олимпийн наадамд оролцох 41 тамирчин болон олимпийг сурвалжлах сэтгүүлчдэд спортын өндөр амжилт хүсье. “Talk talk English” боловсролын төв спортын салбарынхантай ойр ажилладаг. Монгол Улсын үндэсний шигшээ баг, Монголын жүдо бөхийн холбоо, Пара олимпийн хороотой хамтарч ажиллаж байгаа. Монголын шилдэг тамирчид манай сургалтын төвд суралцаж байгаад бид бүхэн баяртай байгаа” гэв.
Энэ үеэр “РИО-216” олимпийн наадам сурвалжлах албан ёсны эрх аваад буй News агентлаг, www.news.mn сайтын ахлах редактор Б.Бадамгарав, Gogo.mn сайтын сэтгүүлч У.Бадамцэцэг нарт “Talk talk English“ төвд 100 хувийн хөнгөлөлттэй суралцах ЭРХИЙН БИЧИГ гардуулсан юм.
Б.ЭНХ