Гэтэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд гэнэт өөр зүйлийг ярьж, хэлж эхлэв. Мөнөөх сонсголонтой сонсогдож байсан уриа дуудлага, хайрлах сэтгэлийн илэрхийлэл нь огцом өөрчлөгдөв. Өөрчлөгдөх, өөрчлөгдөхдөө “Ардчилсан нам ардчиллыг дандаа хайрлана гэвэл худлаа. Эсрэг, тэсрэг хүйснийхний хоорондын хайр сэтгэлд ч тэр урвах, шарвах, уурлаж бухимдах, сонголтоо шинэчлэх гээд олон өөрчлөлт байдаг биз дээ. Тэгээд ч ардчилсан нийгэмд хувь хүн өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын төлөө юуг ч хийж болдог юм. Бидэнд өнөөдөр ард түмэн та нарыг хайрлахаас илүү өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд төрийн үйл хэргийг гацаах зайлшгүй шаардлага байна” хэмээв. Юу яасан нөгөө ардчиллын үнэ цэнэ. Ардчиллыг хайрлах, хамгаалах сэтгэл… Ядаж байхад тус намын дарга нь “Намын үзэл баримтлал нэг их чухал биш” гэх итгэл үнэмшилтэй учраас ийн байр сууринаасаа ухрах нь удирдлагын түвшинд бол ичмээр үйлдэл биш юм.
Хамгийн гол нь тус намын ийн хувьсан өөрчлөгдөх хандлага нь УИХ-ын сонгуулийн жилийн хугацаагаар хэмжигдэхгүй ердөө л өнөө, маргаашийн хооронд илэрч буйгаараа онцлогтой. Үүнийг тус намын УИХ дахь бүлгийн хамгийн сүүлчийн хоёр жишээ та бидэнд батлана. Тус намын УИХ дахь бүлгийн дарга Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “УИХ дахь хоёр намын бүлэг Сонгуулийн тухай хууль болон Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард нийтийн санал асуулга явуулахаар боллоо. Бид асуудлыг өөрсдөө бус ард нийтээрээ шийдүүлэх дээр санал нэгдлээ” хэмээн мэдээлсэн. Гэвч шинэ долоо хоногийн даваа гарагт бүх зүйл эсрэгээр эргэж Ч.Сайханбилэг гишүүн “Манай намын бүлэг ард нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй гэж үзлээ” гэв. Гайхалтай богино зайны өөрчлөлт. Их удалгүй буюу энэ долоо хоногийн лхагва гарагт УИХ дахь хоёр намын бүлгийн дарга нар “Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгээс үл хамаараад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдааныг хэвийн үргэлжлүүлж, Төсвийн хүрээний мэдэгдэл, Монгол Улсыг 2012-2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг хэлэлцэх нь зөв” гэсэн албан бичигт гарын үсэг зурав. Гэвч Сонгуулийн тухай хуулиас болж гацаанд ороод байсан УИХ-ын үйл ажиллагаа бусад сэдвээр хэвийн үргэлжлэх нь гэсэн итгэл найдвар төрүүлээд байсан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг болон УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшин нарын уг гарын үсэг маргааш нь буюу өчигдөр хүчингүй болох нь тэр. Өмнө нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг амралтын хагас, бүтэн сайныг тэгнүүлэн байж байр сууриа өөрчилж байсан бол энэ удаад ердөө л нэг шөнийн дотор буюу 12 цагийн дараа үзэл бодлоосоо ухрах нь энэ.
Тэгвэл тус намын УИХ дахь бүлгийн байр суурь юуны учир хаврын тэнгэр шиг хувьсан өөрчлөгдөнө вэ. Энэ асуултад Ардчилсан намын бүлгийн гишүүд “Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг пропорциональ давамгайлсан холимог тогтолцоогоор явуулахыг хуульчлахгүй бол бид УИХ-ын үйл ажиллагаа гацаадгаараа гацаана” хэмээн хариулав. Улмаар “Ард нийтийн санал асуулга явуулах нь зөв юм шиг санагдаад байсан чинь ард түмнээсээ асуух нь манай намд ашиггүй юм байна. Тийм болохоор ард нийтийн санал асуулгыг бид дэмжиж болохгүй юм байна” гэдэг албан бус хариултыг өгч байна. Хуулийг гууль болгох замаар өөрсөддөө ашигтай өөрчлөлт шинэчлэлтийг хийхийн тулд тэд дараагийн удаад өнөөдрийн байр сууринаасаа маргааш нь хэрхэн урвахыг тааварлах арга алга.
Тэр дундаа “Ардчилал бол ард түмний засаглал юм” гэх ардчилсан нийгмийн суурь ойлголтыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой болов. Уг нь тэд 1990 оны ардчиллын тугийг “Ардчилсан Монгол Улсын төлөө” хэмээн мандуулсан нь өнгөрсөн цаг хугацааны түүхэнд бий. Мэдээж зарим нэг баатар цолтой хүмүүс “Коммунизмыг л жаахан өөрчлөхөд болно” гэж тэрүүхэн тэндээ эргэлдэж байсныг эс тооцвол шүү дээ. Гэхдээ тус намын урт удаан хугацаанд оршин тогтнох дархлаа нь “Манай нам ард түмний итгэл үнэмшлийг хамгаалж, тэдний эрх ашгийг төрд төлөөлөх замаар засгийн бүх эрхийг ард түмний гарт атгуулна” гэсэн цорын ганц үзэл санаа байх ёстой. Шүтээд байдаг Америкийнх нь ардчилал ч энэ үнэт зүйл, үзэл санаан дээр тулгуурласнаараа бат бөх оршин тогтносоор байгаа. Ардчиллыг Монголынх уу, Америкийнх уу гэдгээр нь ялгаж, оршин тогтнох үндсийг нь өөрөөр тайлбарладаггүй л юм бол энд ялгаа байх ёсгүй. Тэр дундаа Монгол шиг Азид ардчиллыг загварлах үүрэг хүлээж буй улсын хувьд үүнээс өөр үнэт зүйл байх боломжгүй.
Гэсэн ч Ардчилсан нам дээрх үнэт зүйлээсээ ухрахыг чухалчилж буй нь харамсалтай хэрэг. Сонгуулийн тухай хуульд барьж буй өөрчлөлт шинэчлэл нь ард нийтийн эрх ашгийг хамгаалахаас илүү намын даргын эрхийг тунхаглах ёстой учраас тэд санал асуулгаас татгалзсан байж болох. Мэдээж тухайн сонгогч “Би хүнийг нь харж саналаа өгнө” гэсэн итгэл үнэмшилтэй байхад өмнөөс нь “Чиний сонгох хүнийг намын дарга сонгох учраас чи зүгээр л намд саналаа өг” гэдэг санал асуулга явуулах нь Ардчилсан намын ялагдах магадлалыг өндөрсгөж буйг үгүйсгэх аргагүй. Цаашилбал, Ардчилсан намд Монголын хамгийн хүчирхэг үндэсний группын эздүүд байдаг гэдэг талаас нь харвал УИХ-ыг жирийн иргэдийн эрх ашгийг хамгаалах субьект гэдгээс илүүтэй бизнесийн бүлэглэл хоорондын найрсаг харилцааны тэнцвэрийн цэг болгож хувиргах магадлал өндөр. Үүний төлөө ч тэд намыг санхүүжүүлэх пропорциональ тогтолцоог хөхиүлэн дэмжсээр буй. Нэг ёсны хэдий хэмжээний мөнгө зарцуулах нь хамаагүй харин эрх мэдлээ баталгаажуулах нь чухал учраас тэд Н.Алтанхуяг даргад л хадагтай ембүү атгуулахыг чухалчилж байгаа нь энэ.
Үүнийг нь “Засаглалыг ард түмний гараас цөөхөн хэдэн үндэсний хөрөнгөтнүүдийн гарт шилжүүлэх сонирхол” хэмээн тодорхойлж болно. Бүр тодруулбал, Ардчилсан нам ард түмний итгэл үнэмшлээс татгалзаж, удирдлага хоорондын эрх ашгийг чухалчилж байна ч дүгнэхэд буруудахгүй. Гагцхүү энэ нь Ардчилсан намын ардчиллаас ухрах шалтгаан, ард түмнийхээ үгийг сонсохоос эмээх үндэслэл, төрийн үйл хэргийг ямар ч хохирлоор хамаагүй гацаах сонирхлынх нь учир шалтгаан болж буй. Магадгүй Мао Зэдуны хэлсэнчлэн тэд ард түмнийг цагаан цаас гэдэгт итгэсэндээ өчигдөр та бидний дээр “Бид ардчилалтай хайртай” гэж бичээд, өнөөдөр түүнийгээ баллуурдан “Бид ардчилалд хэзээ ч хайртай байгаагүй” хэмээн бичих аж. Ингэснээр итгэл үнэмшилдээ үнэнч байж чаддаггүй, өөрийнхөө эрх ашгийн төлөө хувирган өөрчлөх хүч чадалтай тэдний гарт эрх мэдлийг атгуулсан та бид л хохирч үлдэх бололтой. Гэхдээ ч бас 1996-2000 оны гүйцэтгэх засаглал шиг толгойгоороо тоглуулчихаагүй нь яамай даа.
"Улс төрийн тойм" сонин