Мөнгө, бодлого хоёр “зодолдож” байна

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Мөнгө, бодлого хоёр “зодолдож” байна

УИХ Сонгуулийн тухай хуулийг баталж чадахгүй гацаанд оров. Нанчилдаангүй найрыг ямар найр гэх вэ гэгчээр наадам болгоноор бой­кот хийж, ээлжит бус чуулган зарлахгүй бол  наадаж чаддаггүй улстөрч­дийн ээлжит гацааны цаад шалт­гаан тун учиртай. Урьд нь Оюутолгойн гэрээ, Хөгж­лийн банк байгуулах  зэрэг эдийн засгийн асуудлыг наадмаар сэм шийдчихдэг байсан бол одоо сонгогчдын саналыг хураах уу, худалдаж авах уу гэдгээ шийдэх гэж байна. Товчхондоо монгол төрийн бодлого, мөнгө хоёр зад тулчихаад аль нь давах нь мэдэгдэхгүй байна. Мажоритари тогтолцоог шүтэгчдийн хувьд намд санал өгөхгүй, хүнийг сонгодог байх хэрэгтэй гэнэ.  Хэрвээ  хүнийг нь л сонгосоор байх юм бол 20 жил монголчуудыг талцуулж  баруун төв, зүүн төв, социал демократ гэхчлэн баахан нам байгуулж жүжиглэхийн хэрэг юу байв аа. 

Мэдээж пропорциональ тогтолцоогоор сонгууль явуул­сан ч мөнгөний террероос амар­хан мултрахгүй. Учир нь сүү­лийн арав гаруй жилийн турш “Сонгууль бол мөнгө. Са­нал өгөх гэдэг бол мөнгө аваад нэр дугуйлах явдал” гэдгийг ард түмний тархинд хэдийнэ суулгаад өгчихсөн шүү дээ. Тэгэхээр сонгуулийн аль ч тогтолцоог сонгосон энэ сэтгэлгээг арилгаж чадахгүй. Өөрөөр хэлбэл улстөрчид “Сонгуулийн шинэ хууль, шинэ арга барил, тогтолцоог өөрчлөх” хэмээн хашгираад байгаагийн цаана “Шинэ мөнгө, шинэ хүн” л буй нь тодорхой. Одоо ч гэсэн тойргоо эргэж очдоггүй, сонгогчдын санаа бодлыг сонсдоггүй, шинээр байшин барьж, ядахдаа л дээврийг нь  будаж өгөөгүй гишүүдээ “Сонгуулиар чамайг солино, гайгүй” хэмээн бодож яваа сонгогчид цөөнгүй л байгаа байх. Харин дараагийн гишүүн чинь “шинэ” мэт боловч, өнөөхийн чинь л өрөөсөн дугуй шүү дээ.

Ардчилсан  намынхан “Мон­­гол хүн 2020” хөтөлбөрөө орон нутагт танилцуулж явах үеэр нэгэн сонгогч хэлж л дээ. “Манай тойрог дээр ядаж нэг олигархийн нэр дэв­шүүлээд өгөөч. Түүнийг чинь л сонгомоор байна” гэж. Учир нь зэргэлдээ тойргоос нэр дэвшсэн олигарх нь мөнгөөр булаад, гэр бэлэглээд тэр тойргийн иргэд бараг л өөрсдийн мөнгөөр гурил будаа авахаа больсон юм байх. Архи уухсан гэж бодмогц л өмнө нь шилтэй архи цэнхэртэж, шидэт саваатай болсон бололтой юм. Дунд сургууль төгссөн хамаг хүүхдийг нь хамж аваачаад өөрийнхөө хувийн сургуульд сургаад байдаг аж.

Олигарх гуйсан тойргийнхон болохоор төрийн бодлого ярьсан түрийвч нимгэн нөхрийг “Шударга сайн түшээ болно” гээд сонгочихож. Одоо бол түүнийг харахаас дургүй нь хүрээд байдаг бололтой юм. Улс орныг хөгжүүлнэ, гоё төртэй болоод бүгдээрээ сайхан амьдаръя гээд байх нь таатай санагдаж л дээ. Гэтэл бодит амьдрал дээр мөнгөөр зоддог олигархийг сонгосон тойргийнхон бараг хүссэн болгоноо авч,  худлаа хэлж, хулгай хийхгүй байхыг гол шалгуураа болгосон сонгогчид ядуурсаар байгаадаа цухалджээ. Ингэж бидний сонгуульдсаар ирсэн хуучин тогтолцооноос бол ард түмэн мөнгөтэй хэн нэгэнд саналаа худалдвал сайхан амьдарч болно гээд итгэчихэж. Уг нь шударга тунгалаг төрийг бүтээж байж сайхан амьдрах ёстой биз дээ.

Иргэдийг улстөрчид л ийм болгосон. Эзэн нь тодорхой. Үүнийг хэдхэн хоногт өөрчилнө гэж байхгүй. Тэгэхээр ирэх сонгуулийн тогтолцооны агуулга нь ч, хэлбэр нь ч, баримтлах зарчим, уриа нь ч “Шинэ хүн, шинэ мөнгө” гэсэн томьёололтой байгаа биз. Төр нь мөн адил. Төр гэдэг бол түүнийг бий болгосон хүмүүсээс тусдаа байдаг, бие даасан зүйл биш шүү дээ. Төрийн үйл ажиллагааг явуулж буй сая сая хүн байдаг, өөр юу ч байхгүй, хоосон. “Шинэ мөнгө, шинэ хүн”-ий төр буй болох нь. Эдийн засгийн үндсэн зарчмын нэг нь “Үнэгүй хоол байдаггүй”.  Маргах аргагүй энэ үнэнийг улс төртэй холихоор л худлаа болдог. Өөрөөр хэлбэл сонгогчдыг  “Үнэгүй хоол байдаг” гэдэгт итгүүлэх аргаар саналыг нь авч болдог тийм л хувилбарыг мажоритари тогтолцоо гээд байгаа юм шүү дээ.
Пропорциональ тогтолцоо мөнгөтэй хамааралтай. Гэхдээ нам нь төрийн бодлогыг хэрхэн тодорхойлж, ямар зорилт тавьж буйгаа мөрийн хөтөлбөртөө тусгаад сонгогчид тэр хөтөлбөрүүдийг сонгож байгаа юм. Үүгээрээ сурталчилгааны өдрүүдэд гэдэс цатгалан байх уу, ирэх дөрвөн жилд, магадгүй түүнээс цааш амар амгалан, сайн сайхан амьдрах уу гэдгээ шийднэ. Хэн нэгэн мөнгөтэй хүнээс илүү бодлогыг сонгодгоорооо давуу талтай.   “Буруу” хүнээ дэвшүүлээд, тэр нь ажлаа муу хийвэл хариуцлагыг нам хүлээнэ. Төрийг нам бүрдүүлж байгаа өнөөгийн нөхцөлд энэ бол “арай дээр” алхам. Мөнгөтэй хүн, намаас дээр гэж үзэх мажоритари тогтолцооны хувьд тэрхүү мөнгөтэй хүн “төрийн дээр” гишгэхэд амархан байгаа биз. Тэрхүү “мөнгөтэй” хүн хариуцлага хүлээнэ гэж үү. Тэгэхээр одоо УИХ-ыг гацаан байж эрх баригч намууд сонгогчдын саналыг хураах уу, худалдаж авах уу гэдгээ шийдэх гэж байна. Мөнгө бодлого хоёр зодолдож байгаа нь энэ.

Ухамсарт хүн өөрийн үзэл бодлоо тодорхойлоод, эвлэлдэн нэгдэж, төрийн бодлогоо тодорхойлж сонгууль өрсөлдөх нь соёлт хүн төрөлхтний  оршин тогтнох сонгодог арга. Одоохондоо шүү. Тэр эвлэлдэн нэгдсэн зүйлс /нам/-ээс аль эвсэл нь дээр вэ гэдгийг сонгож байгаа нь зөв сонгууль юм биш үү. Тийм ч учраас хөгжөөд байгаа орон бүхэнд чинь баруун төв, зүүн төвийн үзэл, социал демократ, консерватив, либертари үзэл бодол гэж ялгараад, хоорондоо өрсөлдөөд, сайныг нь шилж аваад ажиллуулж байна. Ингэхээр төр нь ард иргэддээ үйлчлээд, ажлаа хийж шалгуулаад байгаа биз. Гэтэл бидэнд үйлчлэхгүй, дээрээс дарамтлаад байгаа төр өнөөдөр яаж ажиллаж байна вэ. Энэ төрийг буй болгож яваа улстөрчид нь өөрийгөө ямар үзэл баримтлалтай вэ гэдгээ ч мэдэхгүй.  Зүгээр л мөнгө байхад төрд гарч болно гэж боддог болж. Түүнд нь ч иргэд дасчихаж.  Тиймээс сонгогчид “Манай тойрогт олигарх өгөөч” гэж гуйж явна даа.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж