Өлзийгийн галерей: Сэтгэл зүйн автоматизм” буюу МИРО

Хуучирсан мэдээ: 2016.07.08-нд нийтлэгдсэн

Өлзийгийн галерей: Сэтгэл зүйн автоматизм” буюу МИРО

Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн нүүр номын хуудастаа бичиж буй зураачдын тухай цуврал өгүүллийг www.news.mn сайт албан ёсны зөвшөөрөлтэйгээр танд хүргэж байна.


ӨГ=13

Сэтгэл зүйн автоматизм” буюу МИРО

“Мирог ойлгохгүйгээр, Мирог мэдэхгүйгээр сэтгэлгээний урлагийн тухай ярихын ч хэрэггүй” гэлцдэг нь ортой үг. Тэр бол 1893 онд Испанид (Барселонд) төрж, 1983 онд Пальмад нас нөгчсөн, ХХ зууны аугаа их зураач, барималч, сюрреализмын томоохон төлөөлөгч юм. “Маш гэнэн, хүүхдэрхэг маягаар зурагдсан, хамгийн энгийн тод өнгөнөөс бүтсэн түүний бүтээл ахуйн элдэв дарамтаас ангижирсан жинхэнэ уран бүтээлчийн баяр баясгалант сэтгэгдлийг илэрхийлнэ” хэмээн урлагийн түүхч бичиж. Тэрээр энгийн хурц өнгө болон, загварчлагдаагүй, цулгуй дэвсгэрийн тусламжтайгаар уран бүтээлүүдээ өөрийн гэх дүр төрхтэй болгож чаддаг. Үр дүнд нь: эхлээд харахад, чимэглэлийн урлагийн маягтай, нөгөө талаасаа бол: их эрч хүчтэй, өвөрмөц, анхаарал татам контрасттай байдал үүснэ.

Хуан Миро бол Сальвадор Далитай нэг зиндаанд яригддаг, Испанийн хамгийн том сюрреалист. Тэрээр дүр бүтээх арга болгож СЭТГЭЛ ЗҮЙН АВТОМАТИЗМ хэмээн нэрлэгддэг (урьдчилан бодолгүй, санаандгүй үүсэх дүрсүүдээр сэрэл мэдрэмжээ илэрхийлдэг) аргыг сонгон авсан, сюрреализмын өвөрмөц чиглэлд харьяалагддаг хүн. Ихэнх сюрреалистын адилаар тэр академик биш урлагийг шүтэн биширдэг байсан. Чухам, энэ л бишрэн дагадаг аргынхаа бичилтийн өвөрмөц өгүүлэмжийг ашиглан хагас абстракт зураг, ханын чимэглэл, баримлуудаа хийдэг байж. Тэр долоон настайгаасаа зурж эхэлжээ.

Дашрамд сонирхуулахад 2001.9.11-нд Дэлхийн Худалдааны Төвийн сүйрлийн үеэр үрэгдсэн хамгийн үнэтэй урлагийн бүтээл бол Мирогийн 81 насандаа туурвисан гобелен (туурганы хивс) байсан юм. Уг нь 1974 оноос хойш л тэнд өлгөөтэй байж.Хориод насандаа би Мирод их дуртай байсан. “Цирк” хэмээх нэг зургийн нь хайчилбар шүлгийн дэвтэр завсар байнга явдаг сан. Даанч цирк үзэлгүй удсан шигээ Мирогийн номыг сөхөж ч харалгүй уджээ. Харин өчигдөр эргээд үзтэл дур сонирхол минь яг хэвээрээ, энэ зураачийн сэтгэл татам шинж бүр их болчихсон ч юм шиг. Хүүхэд насны хайртай зохиолч, зураачдаа бид амьдралын явцад мартах нь бий ч тэд хэзээд сэтгэлийн гүнд оршдог. Учир нь тэд бидний оюун санааны эцэг эх болохоор тэр!

ЭХ СУРВАЛЖ: ӨЛЗИЙТӨГС ЛУВСАНДОРЖ


ӨМНӨХ БИЧЛЭГҮҮДИЙГ УНШИХЫГ ХҮСВЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж