Монгол кинонд бөхийн дүрийг бүтээсэн ганц эмэгтэй

Хуучирсан мэдээ: 2016.07.08-нд нийтлэгдсэн

Монгол кинонд бөхийн дүрийг бүтээсэн ганц эмэгтэй

Аавынхаа зодог шуудгийг өмсөж, наадамд барилдаад “Шувуун толгойт”-ыг давдаг энэ дүрийг сэтгэл зүйч, доктор Ш.Долгор бүтээжээ

Монгол кинонд бөхийн дүрийг бүтээсэн ганц эмэгтэй

Монгол бөхийн тухай өгүүлдэг хэд хэдэн кино байдгийн нэг нь “Хэлтгий заяа” кино юм. Энэхүү киноны зохиолыг Улсын арслан М.Мөнгөн бичиж, Соёлын Гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг найруулан тавьж байсан. Киноны гол дүрд М.Мөнгөн арслан өөрөө тоглосон юм. Киноны нөгөө гол дүр болох Борхүүгийн дүрийг бүтээх эмэгтэй жүжигчнийг их удаан хайсны эцэст олсон гэдэг. Аавынхаа зодог шуудгийг өмсөж, наадамд барилдаад “Шувуун толгойт”-ыг давдаг энэ дүрийг өдгөө Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн мэргэжилтэн, доктор Ш.Долгор бүтээсэн. Тэрбээр тамирчин, дасгалжуулагч нарын сэтгэл зүйг бэлддэг эрдэмтэн, судлаачаар ажилладаг юм. 23 жилийн тэртээ “Хэлтгий заяа” уран сайхны киноны гол дүрд тоглосон Ш.Долгортой ярилцсанаа хүргэж байна.

АНУД ТЭМЦЭЭНД ЯВАХАА БОЛЬЖ, КИНО ЗУРГАНД ОРОХ БОЛСОН СОНГОЛТ

Хэлтгий заяа кинонд яагаад тоглох болов гэдгээс яриагаа эхлэх үү.

-Киноны зохиолчийн хувьд гол дүрийн эмэгтэй жүжигчнийг удаан хайсан юм билээ. Би өөрийгөө кинонд тоглоно ер бодож байгаагүй. Тухайн үед надад кинонд тоглох хэмжээний бэлтгэл байсангүй. Их удаан дүрээ хайсны эцэст намайг тэнцэнэ гэж бодсон бололтой. Үнэхээр санамсаргүйгээр гол дүрийг бүтээсэн. Багшийн дээд сургуулийг төгсөж байсан оюутан надад кино зурагны пробонд орооч гэсэн саналыг дагуу Төв аймгийн Мөнгөнморьт суманд очиж байсан. Спортын талбарт байгаа хүн гэнэт уран сайхны зураг аваад эхлэхээр сонин л байсан даа. Үнэхээр санамсаргүй юм болсон. "Хэлтгий заяа" киноны зураг авалт 1993 оны зургадугаар сард эхэлж, есөн сард нь дууссан. Тэр жилийнхээ арванхоёрдугаар сард нээлтээ хийж байсан.

Тухайн үед зураг авалт болж байхад та кинонд тоглож байгаагаа мэдээгүй гэдэг?

-Тиймээ ер нь бол их санаандгүй л юм болсон. Гэхдээ бас энэ кинонд тоглосон нь миний хувьд залуу насаа дэлгэцийн бүтээлд үлдээгээд зогсохгүй, бөхийн түүхэн кинонд тоглож чадсанаараа бахархдаг юм. Би үнэндээ кинонд тоглож байгаа гэдгээ мэдээгүй шүү дээ. Яагаад гэхээр зураг авалтын дундаас намайг явж магадгүй гэж бодсон байх. Тэр үед зохиолыг бүрэн уншуулаагүй. Зураг авах үедээ ингэж жүжиглэнэ шүү л гэж хэлж байлаа. Хамгийн сүүлд цээж нүцгэн зураг авалтыг хийсэн. Багийнхан одоо ганцхан зураг л үлдсэн гээд байдаг. Үнэндээ тэд энэ зургийг надаар авахуулах гэж их хичээсэндээ. Би ч үгүй үгүй би ийм зураг авахуулахгүй гэж их л уурлаж байсан удаатай. Гэхдээ тэр бол сүүлийн зураг байсан болохоор яалт ч үгүй авсан. Тэр зургийг авсны дараа би өөрийгөө кинонд тоглочихсон юм байна гэдгээ мэдэрч билээ. Магадгүй энэ хэсгийг дундуур авах юм бол намайг цааш үргэлжлүүлэхгүй байх гэж бодсон байх. Кино зохиолыг надад уншуулаагүй шалтгаан бас үүнтэй холбоотой байсан.

Киноны зохиолыг М.Мөнгөн арслан бичиж, гол дүрд нь тоглосон. Арслангийн хувьд энэ киног хийх шалтгаан байсан гэж яригддаг?

М.Мөнгөн арслангийн гаргасан санааг Ч.Ганхуяг найруулагч кино зохиол болгосон. Арслан их хүчтэй. Тухайн үед долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд Спортын төв ордонд заалны барилдаан болно. Арслан заалны барилдаанд их сайн барилддаг байсан. Тэр үеийн бөхчүүд их чанга. Өгөө аваа гэж байхгүй. Тэгээд байнга дарагддаг нэг начин байсан гэж ярьдаг юм. Тэр хүн арсланг цус харвасан үед “Одоо чи өнгөрсөн. Чиний охиноос хүү төрж, бөх болдоггүй л юм бол чиний бөхийн удам тасарч байна” гэж хэлсэн гэдэг. Тэгээд арслан дотроо их зүйлийг бодож байгаад тэр хүнд хариу барих гэж энэ киног хийсэн түүхтэй юм билээ.

Эмэгтэй хүн барилдаж байсан домог их байдаг шүү дээ?

Эмэгтэй хүн барилдаж байгаад түрүүлж байсан гэх яриаг сонсож байсан. Хэдийгээр ам дамжин яригдаж байсан энэ сэдвийг харин санаа болгож, улмаар өөрөө шийдлийг олж, кино зохиол болгосон нь Мөнгөн арслан. Арслангийн хувьд хоёр охинтой. Тэгээд өөрийнхөө нэгэн хүслийг биелүүлэхийн тулд энэхүү киног хийсэн түүхтэй. Түүнд би тоогдож тоглоно гэдэг бол миний хувьд аз болсон хэрэг л дээ. Миний залуу нас дэлгэцийн бүтээлд мөнхөрнө гэдэг одоо бодоход бахархууштай юм. Тухайн үед кинонд тоглохсон гэсэн мөрөөдөл байсаан байсан.

Кинонд тоглох үедээ хэдэн настай байсан бэ?

– 21 настай байсан. Багшийн дээд биеийн тамирын сургуулийг төгсдөг жил буюу 1993 он юм. Наадмын өмнөхөн буюу зургадугаар сард Төв аймгийн Мөнгөнморьтод очиж байсан. Их өргөн бүрэлдэхүүнтэй баг тэнд цугларсан. Гэхдээ миний хувьд энэ кинонд тоглоход найз нарын маань дэмжлэг их байлаа. Би киноны зураг авалтанд орох болчихлоо гэдгээ хоёр найздаа хэлж байсан. Харин тэд өөр саналтай байж билээ.

Та хэний саналыг дагав?

Би Баянмөнх аваргын охин Баясгалангийн саналыг дагасан л даа. Баясаад мөн энэ кинонд тоглох санал ирж байсан юм билээ. Бид оюутан цагийн сайхан найзууд. Тэр үед “Чи энэ кинонд тоглох ёстой. Бөхийн дүр бол үнэхээр гоё. Чамд үнэхээр тохирно. Би аваргын охин болохоор тоглож болохгүй” гэж байсан. Гэтэл нөгөө найз маань намайг АНУ яв гээд байдаг. Би тэр үед зээрэнцэг шидэлтээр оюутан, залуучуудын Универсиад наадамд явах бүх зүйл маань бэлэн болчихсон. Бүр виз хүртэл гарчихсан байлаа. Гэтэл киноны зураг авалтын багаас хариугаа хурдан хэл гээд байдаг. Тэмцээнд оролцоод ирэхээр бараг улсын баяр наадам өнгөрөх гээд байсан. Бид наадмаар зураг авах ёстой гээд хэцүү сонголттой тулгарсан. Тэгээд л зурганд оролцохоор шийдэж, АНУ-ын тэмцээнд оролцохоо больж байсан.

Кинонд тоглох үед хүндрэлтэй зүйл их гардаг байсан байx?

Ардын жүжигчин, дуучин А.Долгор ээжийн дүрд тоглосон. Их сайн зөвлөгөө өгнө. Зөвлөгч нар их байлаа. Би Налайнхынх. Айлын том охин хэрнээ морь унаж үзээгүй. Морь унах хэцүү байлаа. Мөн эрэгтэй хүн эмэгтэй хүнийг мөрөндөө хүргэдэггүй ёс жудгийг бодохоор санаа зовох зүйл их байлаа. Гол дүрийн эзэн Намжилдоржийг сайн таньдаг байсан. Бөхчүүд их очино. Ж.Мөнхбат аварга бол Даваажаргалыг дагуулаад байнга байна. Тэр хоёр тарваганд явна. Орой болохоор хөгжилтэй зүйл яриад. А.Долгор эгч дуу дуулаад. Ер нь уйдах завгүй өнгөрсөндөө. Наадам болоход хүмүүс яваад өгдөг. Намайг харин хот руу явуулахгүй. Бодоход гэртээ очоод буцаж ирэхгүй байх гэж бодсон байх. Миний хувьд тухайн үеийн нийгэмдээ олны танил болсон бөх, дуучин, жүжигчин гээд алдартай хүмүүсийн дэргэд байсан болохоор зааж, зөвлөснийг нь сайн хийхийг хичээдэг байлаа. Тэгж киноны зураг авалт маань амжилттай болсон. Гэхдээ бас нэг сайхан зүйл болж байсан.

Киноны зураг авалтын дундуур Намжилдорж улсын наадамд ирж зодоглоод чимэгтэй улсын начин болж байсан. Тэгээд Мөнгөн арслан тухайн үед “Эмэгтэй хүнтэй барилдлаа гээд эр хүн мууддаггүй л юм байна гэдгийг энэ кино харууллаа” гэж хэлж билээ.

Ямар?

Киноны зураг авалтын дундуур Намжилдорж улсын наадамд ирж зодоглоод чимэгтэй улсын начин болж байсан. Тэгээд Мөнгөн арслан тухайн үед “Эмэгтэй хүнтэй барилдлаа гээд эр хүн мууддаггүй л юм байна гэдгийг энэ кино харууллаа” гэж хэлж билээ.

Зураг авалтын үеэр наадамчин олон хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Төв аймгийн Мөнгөнморьтын наадам дээр зураг авалтыг хийсэн. Харин хүмүүс эмэгтэй хүн барилдаж байна гээд яриад байдаг. Тэр бөх нь хаана байна гээд байсан. Гэтэл би хажууд нь зогсож байх жишээний. Хүмүүс намайг таньдаггүй байсан. инээв Жүжиглэлт бол их гараагүй шүү дээ. Яг л байгаагаараа л гарсан.

Киноны нээлтийн үеийн сонирхолтой түүхээс хуваалцаач?

-1993 оны арванхоёрдугаар сард киноны нээлт болсон. Тухайн үеийн бүх л алдартай бөхийг урьж байсан. Би гэдэг хүн чинь их сандарсан байдалтай. Ичиж ичиж л киногоо үзэж дуусгаж билээ. Киноны дараа Д.Мөнх-Эрдэнэ арслан Мөнгөн арсланд “Энэ кино яг миний амьдралыг харуулжээ” гэж хэлсэн гэдэг. Олон ч бөхийн сэтгэлд хүрч өдгөө ард түмний үзэх дуртай киноны нэг болон үлдлээ. Тухайн үед надад маш сайхан хүндэтгэлтэй ханддаг байлаа. Тэдний энэ хүндлэлийг дааж явахсан гэж боддог байсан. Энэ кино тухайн үед хальсанд буулгасан киноны сүүлийнх гэдэг юм билээ.

ЗААЛАНД БӨХ ҮЗДЭГ ХОЁР ЭМЭГТЭЙН НЭГ БИ БАЙСАН

Таны кинонд тоглох болсон бас нэг шалтгаан үндэсний бөхийг шимтэн үзэж байсан нь нөлөөлсөн байх?

-Мөнгөн арслангийн эхнэр тэр үед “Энэ кинонд Долгорыг тоглуулдаг мөн сайхан хэрэг боллоо” шүү гэж байсан. Гэхдээ намайг кино багийнханд хэлсэн хүн бол Ганболд заан. Тэр үед би үндэсний бөхийн барилдааныг их үздэг байлаа. Барилдаан ч их болно. Амралтын өдөр Спортын төв ордны зааланд би бөх үзээд суучихдаг. Тэр зааланд хоёр л эмэгтэй байдаг байсан Нэг нь би, нөгөө нь О.Энхтуул. Бөхчүүдийг их сайн мэддэг бас хүндэлдэг байлаа. Энэ маань кинонд тоглоход нөлөөлсөн байх. Баахан эрчүүдийн дунд үзээд сууна шүү дээ.

Амралтын өдөр Спортын төв ордны зааланд би бөх үзээд суучихдаг. Тэр зааланд хоёр л эмэгтэй байдаг байсан Нэг нь би, нөгөө нь О.Энхтуул. Бөхчүүдийг их сайн мэддэг бас хүндэлдэг байлаа. Энэ маань кинонд тоглоход нөлөөлсөн байх. Баахан эрчүүдийн дунд үзээд сууна шүү дээ.

Кинонд тоглох үед аав, ээж чинь юу гэж байв?

-Кинонд тоглох шийдвэрийг би өөрөө л гаргасан. Тамирчин хүний хувьд дотоод, гадаадын тэмцээн уралдаанд яваад сурчихсан байсан болохоор биеэ даах чадвар сайн байлаа. Аав, ээж минь тэр бүр нөлөөлж чадаагүй. Айлын том байсан болохоор мэдээж их үүрэг хариуцлагатай. Эгч хүний хувьд дүү нартаа үлгэр, дууриалал болох учраас их хичээж байлаа. Тухайн үед би самбо бөхөөр хичээллээд Азийн аваргаас мөнгөн медаль авчихсан байсан. Одоогийн жүдо бөхийн тамирчид чинь тухайн үед самбоор их хичээллэдэг байсан шүү дээ. Дэлхийн аваргын хүрэл медаль Х.Эрдэнэт-Одоос эхлээд жаахан охидууд барилдаад эхэлчихсэн байсан. Монголд самбо бөхийн дэлхийн цомын тэмцээн болоход гээд бид “Хөдөлмөр” нийгэмлэг дээр бэлтгэлд гарлаа. Гэтэл ээж нэг өдөр дүүтэй хамт бэлтгэл дээр хүрээд ирдэг байгаа. Надад ээж минь нэг л юм хэлэх гээд байсан. Тэгээд байж байгаад “Миний охин битгий барилд. Хүмүүс чамайг барилдаад байна” гээд байх юм билээ гэж билээ. Ээж минь их л санаа нь зовж байсан байх. Харин дараа нь киноны нээлт Налайхад болоход манай ах дүү нар бүгд очиж үзээд намайг ямар дүр бүтээснийг мэдэрч их баяртай байсан гэдэг. Налайх даяараа намайг яриад л байсан гэдэг. Ээж, аав минь тэр үед л санаа нь амарсан байх.

Ингэхэд танайд бөхийн удам байгаа юу?

-Эмээгийн тал бөхийн удамтай байсан гэж ярьдаг. Миний үед манай ах дүү нар дунд тамирчин хүн байгаагүй. Би их биеэрхүү хүүхэд байсан. Бага байхын л 70 кг гурилыг сэвхийтэл өргөөд явчихна. Тэр үед өвөө минь “миний охин их хүчтэй шүү” гэдэг байлаа. Аргагүй шүү дээ. 5-р ангийн охин нь 70 кг-ыг гурилыг сэвхийтэл өргөхөөр бахархана шүү дээ. Тэгээд энэ чанар маань намайг спортын хүн болгосон доо.

Багшийн дээдийн оюутан болсон хойно спортын төрлөө сонгосон гэдэг? Хамгийн тохиромжтой нь зээрэнцэг шидэлт байжээ?

-Хэдийгээр өндөр, биеэрхүү хэрнээ эвсэл муутай. Сагс тоглохоор гоол орохгүй. Волейбол тоглохоор бөмбөг над дээр битгий ирээсэй л гэж боддог байж билээ. Би 8-р ангиа төгсөөд Багшийн сургуульд орсон. Тэр үед Биеийн тамирын багш маань бөөрөнцэг, зээрэнцэгийн төрлөөр хичээллэх хэрэгтэй. Энэ л чамд болно гэж зөвлөж билээ. Тэгээд багшаасаа тэгээд ямар спорт байдаг юм гэж асуухаар “Бүдүүн хүмүүс хичээллэдэг спорт” гэхээр нь би орохгүй гэж билээ. Гэсэн ч удалгүй энэ спортоор хичээллээд сонирхолтой болсон. Удалгүй Спортын мастер болж, олон тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн хилийн дээс алхсан даа. Тухайн үед жин 80-90 кг, өндөр 1.76 байсан. Би хүчний хувьд их бяртай байлаа. Хэвтээгээс 130 кг-ыг шахдаг байсан. 150 кг-д суудаг. Тухайн үед бөхчүүд штанкаар хичээллэдэггүй байсан. Намайг тэгж өргөхийг хараад толгой сэгсрээд явдаг байлаа. Надад хамгийн тохиромжтой нь зээрэнцэг шидэлт байсан даа. Энэ спортын төрөл бол надад яг тохирсон. Тэр үед тамирчин хүн ямар сайхныг мэдэрч, шигшээ багт таван жил бэлтгэл хийсэн. Үүний ачаар спортын олон сайхан хүний дунд орж ирсэн. Энэ сонголт миний амьдралыг их өөрчилсөн.

Эмээгийн тал бөхийн удамтай байсан гэж ярьдаг. Миний үед манай ах дүү нар дунд тамирчин хүн байгаагүй. Би их биеэрхүү хүүхэд байсан. Бага байхын л 70 кг гурилыг сэвхийтэл өргөөд явчихна. Тэр үед өвөө минь “миний охин их хүчтэй шүү” гэдэг байлаа. Аргагүй шүү дээ. 5-р ангийн охин нь 70 кг-ыг гурилыг сэвхийтэл өргөхөөр бахархана шүү дээ

Зээрэнцэг шидэлтээрээ амжилтаа ахиулах боломж хэр байсан бэ?

-Би Универсиад наадамд оролцоогүй болохоор амжилтаа бага ч болов ахиулахын төлөө байлаа. Кинонд тоглосоны дараа удалгүй Украин явсан. Тэнд Универсиадын наадмаас хүрэл медаль авсан Дмитриевтэй жил гаруйн хугацаанд бэлтгэл хийсэн. Дэлхийн хэмжээнд амжилт үзүүлээд эхэлчихсэн тэр тамирчнаас их зүйлийг сурсан. Удалгүй зах зээлийн шуурганд Москвад ажиллах гэж ирж билээ. Тэгээд удалгүй спортоо орхисондоо. Гэхдээ тэр үед байдал хүнд байсан болохоор яах ч аргагүй спортоо орхисон. Тухайн үеийн цаг хугацаа тийм байсан болохоор үнэхээр болоогүй. Амжилтаа ахиулах боломж байсан. Жаахан харамсалтай санагддаг юм. Гэхдээ би спортоос авах зүйлээ авсан гэж боддог.

Гэр бүлийнхээ хүнтэй Москвад танилцсан гэж байсан.

-Тиймээ. Бид Москвад танилцаж гэр бүл болсон. Хүү, охинтой. Тэнд дөрвөн жил амьдраад Улаанбаатарт ирсэн. Хань маань техник сэтгэлгээтэй хүн байсан. Өвчний улмаас хорвоог орхисон. Спортын салбартаа 2000 он гараад орсон. Эргэж спортын салбартаа ажиллах сайхан байлаа. Өөрөө тамирчин байсан хүний хувьд яалт ч үгүй энэ зүйлд анхаарлаа хандуулна. Надад спортын салбартаа эргэн орж ирэхэд хамгийн их анзаарсан зүйл бол тамирчдын сэтгэл зүйн асуудал байсан. Энэ чиглэлээр дагнан ажилладаг судлаач, эрдэмтэд ховор байсан. Тамирчдын сэтгэл зүй их өөр. Оюутан байхдаа би сэтгэл судлалын хичээлийг маш сайн сонирхдог байсан. Өөрөө ч гэсэн тамирчин байсны хувьд алдаа их гаргана. Бэлтгэл дээр маш сайн хийгээд байгаа хэрнээ тэмцээн дээр түүнийг хийж чаддаггүй зэрэг сөрөг зүйл их байсан. Ингээд энэ чиглэл дээр тамирчидтайгаа ажиллаж байна. Олимпоос олимпийн цикл ажлаад эхэллээ.

-Танд баярлалаа, сайхан наадаарай.

Ч.БОЛОРЧУЛУУН


 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж