АНУ-д арьс өнгөөр ялгаварлах үзэл болон цагдаагийн хүчирхийллээс үүдэлтэй хэрэг бослого тэмцлийн цурмыг дахин ноцох болов. Цагаан арьстан цагдаа хар арьстныг буудаж хөнөөсөн хэрэг сүүлийн хоёр жилд нэг бус удаа гарч, тухай бүр эсэргүүцэл тэмцэл дагуулж байна. АНУ-ын Луизиана мужийн төв Батон Роуж хотод цагаан арьст хоёр цагдаа 37 настай хар арьстан эрэгтэйг хөнөөсөн хэргээс үүдэн сүүлийн хоёр хоног жагсаал цуглаан үргэлжилж байна. АНУ-ын Хууль зүйн яамнаас цагдаа хар арьст эрэгтэйг буудан хөнөөж буй бичлэгийг мөрдөн шалгаж эхэлжээ. Гэвч АНУ-ын шүүх засаглал цагаан арьстай цагдаа нарын талд үйлчлээд байгааг жагсагчид шүүмжилж байна. Хохирогч гэгдэж буй 37 настай Элтон Стерлинг гудамжинд CD зарж амь зуудаг байсан аж. Луизиана мужийн төв Батон Роуж хот нь 229 мянга орчим хүн амтай. Үүний 54 хувь нь хар арьстан, харин тэдний 25 хувь нь ядуу амьдралтай аж.
АНУ-д цагдаагийн ажилтан үүргээ биелүүлж сэжигтэй этгээдийг шалгах явцад ноцтой үйлдэл хийвэл шууд гал нээх эрхтэй. Гэвч цагдаагийн суманд өртөн амь үрэгдсэн хар арьстнуудын олонх нь гэмгүй байж байгаад буудуулсан гэх. Тухайлбал, одоогоос жилийн өмнө Миссури мужийн Фергусон хотноо 18 настай Майкл Браун гэх хар арьст хүүг цагаан арьст цагдаа буудан хөнөөсөн юм. Хүүг хөнөөсөн цагдаад шүүхээс ял тулгаагүйгээс үүдэн бослого үймээн гарч байв.
Харин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон “АНУ-ын засаг захиргаа хар арьстнуудын амь насыг бусадтай ижил үнэ цэнэтэй гэж үздэггүй гэх маш буруу ойлголт америкчуудын дунд байна. Цагдаа болон олон нийтийн дундах итгэлцлийг сэргээх хэрэгтэй” хэмээн мэдэгджээ. Гэтэл Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп хар арьстнуудын талаар “Тэд бол асуудал. Тэд асуудал тарьдаг” хэмээн мэдэгдсэнээр олон сая хүний дургүйцлийг хүргэсэн юм.
АНУ-д арьс өнгөөр ялгаварлах үзэл халагдсанаар тэгш эрх, шударга ёс зэрэг ардчиллын үнэт зүйлс батажсан гэж өдгөөг хүртэл итгэж байв. 1963 оны гуравдугаар сард Вашингтон хотод Мартин Лютер Кингийн хэлсэн “Надад мөрөөдөл байна” гэсэн үгээс хойш хагас зуун жил өнгөрчээ. Энэ дэлхий дээр амьдарч байгаа хүн бүр арьсны өнгөөрөө биш, харин зан байдлаараа шүүгдэх цаг ирэх болно гэж Кинг хэлж байсан, энэ үг өнөөг болтол биеллээ олоогүй л байна.