Жил гаруйн өмнө Ардчилсан намын шинэчлэлийн талаар ярьж гарч ирсэн залуус сонгуулийн дараа эгнээгээ өргөтгөн намын дэргэдэх үүсгэл санаачлагын байгууллагуудтайгаа нэгдэн Ардчилсан намыг шинэчлэх түр хороо болон зохион байгуулалтад орсноо зарласан. Улмаар түр хорооноос мэдэгдэл гарган намын дарга З.Энхболдыг 24 цагийн дотор огцрох, ҮЗХ-ны хурлын товыг 48 цагийн дотор зарлахыг шаардсан.
АН-ын Гүйцэтгэх зөвлөл уг асуудлаар хуралдан ҮЗХ-ны хурлыг ирэх 18-нд хуралдуулахаар товоо тогтоож, намын дарга З.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөн түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилсон.
Тэгвэл шинээр томилогдсон Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат шинэчлэлийн түр хорооныхныг өнөөдөр хүлээн авч уулзсан байна. Тэрбээр Ардчилсан нам шинэчлэгдэх ёстой гэдэг байр суурин дээр нэг байгаагаа илэрхийлээд Үндсэн дүрмийг шинэчлэх болон намын Их хурлыг зохион байгуулах ажилд гаргасан бүх саналуудыг нээлттэй хүлээн авч хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Г.ХОРОЛ