“Эрхээ хамгаалъя” ТББ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус байгууллага “Шударга сонгууль” аяны хүрээнд УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигч нь сонгогчдын саналыг мөнгө, эд зүйл тараах замаар худалдаж авахыг хориглосон хуулийн заалтыг мөрдүүлэхээр ажиллажээ.
Сонгуулийн тухай хуулийн 71.2-т "Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэсэн заасан байдаг. Гэвч 2016 оны УИХ-ын сонгуулиар энэ заалтыг зарим нэр дэвшигч мөрдөөгүй хууль зөрчсөн гэж тэд хэллээ.
Аяны зохицуулагч Т.Мөнхнасан, “Бидэнд хууль зөрчсөнийг нотлох баримтыг иргэд аудо, видео бичлэг хэлбэрээр ирүүлсэн. Үүнээс гадна шүүхэд биечлэн оролцох гэрчүүд ч байгаа. Нийт иргэддээ хандаж хэлэхэд сонгогч та сонгуулийн хууль бус үйлдлийн золиос болсон бол нотлох баримтаа манай аянд болон хууль хяналтын байгууллагад илгээх хэрэгтэй хэмээн уриалж байна” гэсэн юм.
Мөн тус байгууллагынхан УИХ-ын сонгуулийн үеэр 1000 гаруй иргэний саналыг 10 мянгаас 200 мянга хүртэлх төгрөгөөр худалдаж авах оролдлогод УИХ-ын нэр бүхий 10 гаруй гишүүн холбогдсон гэв.
Г.ХОРОЛ