2030 он гэхэд Хятадын өндөр настны тоо 365 сая болно

Хуучирсан мэдээ: 2016.07.08-нд нийтлэгдсэн

2030 он гэхэд Хятадын өндөр настны тоо 365 сая болно

2030 он гэхэд дөрвөн хятад хүн тутмын нэг нь тэтгэврийн насных байх тооцоог Хятадын Үндэсний их сургуулийн дэргэдэх Хүн ам зүйн судлалын хүрээлэн гаргасан байна. Өнөөдрийн байдлаар Хятадад 222 сая өндөр настан амьдарч байна. Энэ тоо 2020 он гэхэд 253 сая, 2030 онд 365 саяд хүрэх тооцоо хийсэн бөгөөд 2030 он гэхэд хүн амын 25,2 хувь тэтгэврийн насны хүн байна гэсэн үг.

Хүн амын нийт бүтцэд тэтгэврийн насныхны эзлэх жин ихэснэ гэдэг бол нийгмийн хөдөлмөрийн бүтээмжид шууд нөлөөлдөг үзүүлэлт.  Хүн ам зүйн судлалын хүрээлэнгийн судалгаагаар ойрын 15 жилд БНХАУ-ын хөдөлмөрлөх насны хүний тоо 911 саяас 824 сая болж буурах юм. Хөдөлмөрийн насны хүний тоо 2012 оноос хойш тасралтгүй буурч байгаа аж. Эдгээр тоо Хятадын өсөн тэлж буй эдийн засагт сайнаар нөлөөлөхгүй. “Хэзээ ч дундаршгүй мэт санагдаж байсан Хятадын ажиллах хүч буурч байна” хэмээн Шанхай хотын Шинжлэх ухааны академийн судлаач Лян Жунтан орос хэл дээр гардаг “Дыхания Китая” сэтгүүлд ярьжээ.

Ажиллах хүчний дутагдал Хятадын хүн ам шигүү суурьшсан хотуудад аль хэдийнэ мэдрэгдээд эхэлжээ. Жишээ нь, Хятадын өмнө зүгийн хөнгөн үйлдвэрийн төв гэгддэг Дунгуань хотод сүүлийн таван жилийн хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хоёр дахин нэмэгдсэн хэр нь 200 мянган ажилчин зах зээлд нь хэрэгтэй байна хэмээн Синьхуа агентлаг мэдээлжээ.

“Сүүлийн жилүүдийн эдийн засгийн сааралт хүн ам зүйн асуудалтай холбоотой. Хөдөлмөрийн зах зээл дэх ажиллах хүчний дутагдал эдийн засгийн хөгжилд саад болж, цаашдаа эдийн засгийн төдийгүй нийгмийн тогтвортой байдалд нөлөөлөх магадлалтай” хэмээн Бээжингийн Их сургуулийн профессор Му Гуанзун ярьсан байна.

Өндөр настны эзлэх хувь нийгэмд өсч байгааг харгалзан үүнийг дагасан үйлчилгээ, бизнес хөгжиж байгаа нь харин сайн мэдээ юм. Одоо Хятадад өндөр настныг асрах халамжийн газрууд олноор байгуулагдаж байна. PricewaterhouseCoopers-ийн тооцоогоор энэ чиглэлийн зах зээл ойрын таван жилд жилийн 17 хувиар өсөх ажээ. Мөн 2016-2020 онд Хятад улс нийгмийн халамжийн зардалд 10 их наяд юань буюу 1,5 их наяд ам.доллар зарцуулах тооцоог шинжээчид хийжээ.

Бэлтгэсэн А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж