Хурдан морины салбар комиссын морь бүртгэлийн хэсэгт энэ сарын 9-12-ны өдөр үндэсний их баяр наадамд уралдах морь, унаач хүүхдүүдийг бүртгэх юм байна. Хурдан морь, унаач хүүхдээ бүртгүүлэхээр ирж буй уяачид хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн дэвтрийн дугаар, эрүүл мэндийн үзлэгт орсон бичиг, ослын даатгалын баталгаа, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл зэргийг авчрах юм байна.
Хүүхдүүдийн даатгалыг "Монгол", "Практикал", "Миг", "Соёмбо", "Монре", "Хаан", "Ард", "Бодь", "Мөнх", "Номин", "Тэнгэр" зэрэг 11 компани хийж байна.
Уралдааны үед морь уралдаж буй хүүхдэд стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцасыг бүрэн өмсүүлсэн байна. Мөн долоогоос дээш настай даатгалд хамрагдсан хүүхдийг морь уралдуулна. Морь уралдах цагийн хуваарийг баримтлан товлосон хугацаанд нь ирсэн байна. Ямар нэг шалтгаанаар мориноос унасан хүүхдийг тухайн уралдаанд дахин хурдан морь унуулахгүй байх гэнэ. Хамгаалах хэрэгсэлгүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй болохыг анхаарахыг сануулжээ. Баяр наадмын үеэр уралдаанч хүүхэд болон хүүхдийн эрхийн асуудлаар Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарын утсанд хандаж мэдээлэл өгөх, зөвлөгөө, тусламж авах боломжтой аж.
Б.БАТ