ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова долдугаар сарын 9-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлах гэж байна. Тэрбээр Үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 90 жилийн ойд Монгол Улсын Ерөнхий сайдын хүндэт зочноор уригдаж байгаа юм. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирлын энэ удаагийн айлчлал нь Монгол Улс-ЮНЕСКО-гийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны цаашдын хүрээг тодорхойлоход чухал ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тэмдэглэх жил айлчилж буйгаараа онцлог аж.
БСШУЯ-наас ирүүлсэн саналыг үндэслэн ЮНЕСКО-гоос Монгол Улсын хөгжил дэвшилд үзүүлж буй үр нөлөө, тус байгууллагын Ерөнхий захирал хатагтай Ирина Боковагийн хүмүүнлэгийн болон дээд боловсролын салбарыг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг хүндэтгэн, өндрөөр үнэлж, ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн хуралдаанаас ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Боковад ШУТИС-ийн “Хүндэт доктор” цол олгохоор шийдвэрлэжээ. “Хүндэт доктор” цол олгох ёслол долдугаар сарын 10-нд ШУТИС-ийн Төв номын санд болох юм байна.
А.Зул