Баяр наадмын өдрүүдээр урт хугацааны амралт таарч иргэд хот хөдөөг зорих аялал зугаалга эрчимжиж байгаатай зэрэгцэн Сэлэнгэ аймаг Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-руу нэвтрэх тээврийн хэрэгсэл болон зорчигч урсгалын ачаалал ихэсжээ.
Мөн тээврийн хэрэгслийн баримт бичгийн зөрүүтэйн улмаас хил дээрээс тээврийн хэрэгслүүд буцах асуудал нэлээдгүй үүсэж байгаа аж. Амралтын өдрүүдэд дээрх зөрчлийг арилгах боломжгүй тул жолооч нар хотоос гарахдаа холбогдох материалаа үнэн зөв бүрдүүлэх шаардлагатайг албаныхан анхааруулж байна. Тухайлбал, иргэд тээврийн хэрэгслийн бичиг баримтын бүрдэлд анхаарах, тээврийн хэрэгслийн арын дугаар, хөдөлгүүрийн багтаамж, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл болон тэмдэг дарагдсан эсэх, татварын гэрчилгээн дээрх мэдээлэл тээврийн хэрэгслийн гэрчилгээний мэдээлэл хоорондоо таарч буй эсэхийг нягталж үзэхийг Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газраас анхаарууллаа.
Г.ХОРОЛ