Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэхийн тулд тасалбар авахаар дөрөв хоногийн өмнөөс дугаарласан иргэд бухимдалтай байна. Хэдийгээр өнөөдрөөс эхлэн наадмын тасалбарыг Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар борлуулж эхэлсэн ч өглөө эрт хаалгаа нээгээгүй, 10.00 цаг болоход худалдаж эхлэх эсэх нь ч тодорхойгүй хүнд суртал гаргасан тухай иргэд тасалбар борлуулагчдыг шүүмжлэлээ.
Жилийн жилд үндэсний их баяр наадмаа үзэхийн тулд иргэд 3-5 хоног өдөр шөнөгүй дугаарлан байж арай ядан нэг хүн дөрвөн тасалбар худалдан авдаг. Хамтлаг, дуучид тоглолтынхоо тасалбарын захиалгыг онлайнаар аваад байхад жилд нэг удаа болдог наадмын тасалбарыг зохион байгуулалттай яагаад худалдаж чадахгүй байна вэ гэдэгт иргэд хариулт хайж байна. Уг нь өнгөрсөн жилийн өдийд мөн л наадмын тасалбараа онлайнаар захиалан авдаг болох тогтолцоог аль аль тал нь ярьж байсан ч биеллээ олоогүй л байна. Ирэх жил наадмын тасалбарыг хэрхэн худалдах вэ гэдэгт ч тодорхой хариулт өгөх албаны хүн олдсонгүй.
Тасалбарын үнэ сүүдрэвчтэй, сүүдрэвчгүй суудлаасаа хамаарч 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна. Ингэхдээ шагийн наймаачдаас сэрэмжилж нэг хүнд дөрвөөс дээш тасалбар борлуулахгүй байхаар зохицуулалт хийжээ. Өчигдрөөс тасалбар худалдан авахаар дугаарласан иргэдийн дараалал улам уртасч, иргэд өөрийн гэр бүл хамаатан саднаараа нийлэн ээлж ээлжээрээ дарааллаа хадгалан хоносон тухайгаа ярилаа.
Ойрын өдрүүдэд 30 хэм давж халж буй. Гэхдээ халууныг ажралгүй ахмад настан, хүүхэд гээд нас харгалзахгүй наадмынхаа тасалбарт өдөр шөнөгүй дугаарлаж байна. Энэ дунд гурван иргэн ухаан алдаж унан, эмнэлэгт хүргэгджээ.
Зураглаач Н.БАТМӨНХ