Үндэсний их баяр наадмын үеэр хэт халж, бүгчим халуун өдрүүд үргэлжилнэ. Харин долоо, наймдугаар сард хэт халалт болж, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны дараа аянга, цахилгаан буух, уруйн үер зэрэг аюулт үзэгдэл болж болзошгүйг цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Баяр, наадмын үеэр олон хоногийн амралт үргэлжилнэ. Иймээс иргэдийн гол ус бараадах, халуунд сэрүүцэх зорилгоор голын эрэг дагуу амарч, зугаалах нь нэмэгдэнэ. Иргэд санамсар болгоомжлол алдсанаас гол усанд осолдон амь насаа алдах эрсдэлтэй байдаг тул энэ бүхэнд анхаарахыг Онцгой байдлын ерөнхий газар/ОБЕГ/-аас өнөөдөр /2016.07.07/ сэрэмжлүүллээ.
Иргэдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас шалтгаалан усны ослоор бага насны хүүхэд, өндөр настай иргэд, залуучууд амь насаа алдсан тохиолдол 2016 он гарсаар 32 удаа гарч 39 хүн /хүүхэд-13, насанд хүрэгсэд-26/ амь насаа алдсан байна. Өнгөрсөн хоногт гэхэд нийслэлийн Баянзүрх дүүрэг, Архангай, Завхан аймагт иргэдийн санамсар болгоомжгүйн улмаас гурван хүн гол усанд осолдож амиа алджээ.
Монгол Улсын хэмжээнд 2016 он гарсаар нийт 99 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгджээ. Түймэрт гурван хүн өртөж нас барсан бол дахин дөрвөн хүн түлэгдэж гэмтсэн байх юм. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Халхгол, Матад, Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан гэсэн хоёр аймгийн дөрвөн сумдын долоон газар хээрийн түймэртэй байна.
Амралт, аялал зугаалгаар хөдөө, орон нутгийг зорих иргэд цаг агаарын болон зам, давааны нөхцөл байдлын мэдээллийг тогтмол авах. Тухайлбал, Архангай аймгийн Тариат сумын нутаг Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замд байрлах Тэрхийн гүүр эвдэрчээ. Улмаар энэ сарын 3-ны өдрөөс эхлэн тус гүүрийг хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Мөн Тэрхийн гол нь үертэй байгаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Зураглаач Н.БАТМӨНХ