“Байгалийн түүхий эдийн химийн судалгаа болон боловсруулалт” сэдвээр чуулна

Хуучирсан мэдээ: 2016.07.07-нд нийтлэгдсэн

“Байгалийн түүхий эдийн химийн судалгаа болон боловсруулалт” сэдвээр чуулна

Шинжлэх ухааны академийн Хими, Химийн Технологийн Хүрээлэн дөрөв дэх удаагийн “Байгалийн түүхий эдийн химийн судалгаа болон боловсруулалт” олон улсын хурлыг маргааш /2016.07.08/ “Blue sky” зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Уг хуралд ургамал, биологийн болон эрдэс түүхий эдийн онцлог, химийн судалгааны талаар 40 гаруй илтгэл, 50 гаруй ханан илтгэл тавигдаж хэлэлцэгдэх юм.

Тус хуралд гадаадын 6 орны (АНУ, ХБНГУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Япон) 40 гаруй төлөөлөл, Монголын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 150 гаруй эрдэмтэн, судлаачид хамрагдана. Хуралд БНСУ-ын Шинжлэх Ухаан Технологийн Хүрээлэнгийн (KIST) дэд ерөнхийлөгч доктор Тае Хүн Лим (Tae Hoon Lim), БНСУ-ын Цахиуран хагас дамжуулагчийн хүрээлэнгийн захирал доктор Жүнён Чан (Joonyeon Chang), ХБНГУ-ын Дрездений Техникийн Их Сургуулийн Органик химийн салбарын эрхлэгч профессор Кноелкер (H.J.Knoelker), БНХАУ-ын Ченгду-гийн Биологийн Хүрээлэнгийн орлогч захирал Гуолин Жан (Guolin Zhang) зэрэг салбартаа нэр хүндтэй гадаадын эрдэмтэн судлаачид оролцож, илтгэл тавина.

Монгол орны биологийн болон эрдсийн гаралтай түүхий эдийн судалгаа нь манай улсын шинжлэх ухаан технологийн хөгжлийн бодлогод чухал байрыг эзэлдэг. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн зохион байгуулдаг энэхүү хурал нь энэ чиглэлээр манай улсад хийгдэж буй судалгааны ажлыг тоймлон багтааж чаддагаараа судлаачдын харилцан бие биенээсээ суралцах, шинэ мэдээлэл олж авах боломжийг хангадаг. Энэхүү хурал нь Монгол орны төдийгүй гадаадын өндөр хөгжилтэй улсуудад хийгдэж буй судалгааны ажлын шинэлэг үр дүнг харилцан танилцуулах, цаашдын хамтын ажиллагааны суурийг тавихад чухал ач холбогдолтой юм байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж