ЗАЛУУС БӨМБӨРЦГИЙН БӨХИЙН МАХ БАЙТУГАЙ ЯС ЯНГИНАЖ ӨВДДӨГ ХҮНД БЭЛТГЭЛИЙГ ДАВАХ ЁСТОЙ. ДАСАХ ЁСТОЙ
Яагаад үндэсний бөхийн залуус чөлөөт, жүдогоор хичээллэхгүй байна вэ? Ямар шалтгаанаар… Авьяастай, материалтай залуус ганцхан бөхийн төрлөөр яваад зэврээд дуусвал дэндүү харамсалтай. Үе үеийн аварга цолтой болон бусад цолтнууд хэзээнээсээ их спорт, үндэсний бөхийг хослуулсаар ирсэн нь тохиолдлын хэрэг биш юм. Их спортын ач холбогдол, онцлогийг Хоёр Мөнх, Цэрэнтогтох, Бат-эрдэнэ,Балжинням, Сүхбат, Өсөхбаяр, Сумъяабазар аваргууд хэлсээр ирсэн. Хэлээд өгнө. Яагаад их спортоор эдгээр аваргууд шиг амжилт үзүүлье гэж бодохгүй байна вэ, одоогийн залуучууд.
Аваргуудаас гадна бусад цолтнууд 1960-аад оноос шинэ зуун гартал чөлөөт, жүдо, самбо бөхөөр амжилт гаргасаар ирсэн. Тэрнээс хойш байдал бишиджээ. Дунд нь Н.Түвшинбаяр гэдэг бурханы бэлэг байлаа. Энэ мэт их спортоор сууриа тавиад Үндэсний бөхөөр санасандаа хүртэл цол авсан олон жишээ бий. Э.Оюунболд байна. Тэр залуучуудын олимпод 5-р байрт орж байлаа.
Цолны найраа, допинг, Үндэсний бөхийн барилдааны дүрэм гурваас болж залуус их спортыг сонгохгүй байна уу?
МҮБХ барилдааны дүрмээ зайлшгүй засах ёстой.Хаялцах барьцны дүрэм залуусыг их спортоор хичээллэхэд саад болж байгаа. Алсын сүвээний хаялцах барьцыг болиулж, /Хонгодох хувилбартай байлгаж болно. Үндэсний бөхөд хөл авсан барилдаан уран харагдана. Алсын сүвээний хаялцах барьцнаас хамгаалаад унахгүй болсон шиг хонгодуулсан бөх унахгүй хамгаалдаг болж болно, давж болно/ сэрвүүгээс хэн идэвхитэй байснаар нь эхэлж өөрийнх нь талаар бариулж, зодогны стандартыг шинэчилмээр санагдана.
Цолны найраа, допинг, Үндэсний бөхийн барилдааны дүрэм гурваас болж залуус их спортыг сонгохгүй байна уу?
“Алдар”, “Хүч”, “Хилчин” тэргүүтэй спорт хороодуудаас цалинждаг үндэсний бөхийн залуусыг чөлөөт, жүдогийн аль нэгийг сонгон, хослуулан хичээллэж, дотоодод болж байгаа тэмцээнүүдэд ор, тэгж байж цалингаа авна гэсэн гэрээтэй болчихвол.
Залуус хаялцах барьцны дүрмэнд тааруулж жингээ нэмдэг болсон. Жин нэмэхээр хурд саарна, хурд саарахаар барилдаан удааширна. Барилдаан удаашрахаар уран хурц барилдаан гарах нь илт багасна. Хүмүүс яах гэж мөнгө төлөн, ажлаа зохицуулан “Бөхийн өргөө”-нд эсвэл телевизээр бөх үздэг юм. Уран сайхан барилдаан харж баясах гэж шүү дээ. Маргаантай эсвэл удаан барилдаан харахыг хүсэхгүй. Хаялцах барьцнаас мордож дарж унаж байгааг хармааргүй байна. Энэ дүрмээс болж одоогийн үндэсний бөхийн ихэнх барилдаан золгоо, шахаанаас л хаялцдаг болж хувирсан байгаа.
Бөхчүүдийн дураараа эмч рүү явж цаг авдгийг яаж болиулах вэ? Тухайн нэг даваанд яасан тохиолдолд,хэдэн удаа эмч рүү явах ёстой юм.Барилдааны дундуур дураараа цай, ус уудаг асуудлуудыг шийдэх ёстой. Засуул, хөлийн цэц бол шүүгч шүү дээ. Спортод шүүгчийн шийдвэрийг биелүүлдэг. Тэрнээс тааваараа байвал утгаа алдана.
Иймэрхүү өөрчлөлтүүдийг үндэсний бөхөд хийхэд алдах юм байхгүй.
Нөгөө талаар Монголын чөлөөт бөхийн холбоонд хүнд жингийн бодлого гэж байхгүй байна. Цөөн залуусыг сонгон авч, сайн багшид шавь оруулан, багштай нь хамт гэрээ байгуулан, нийгмийн асуудлыг нь шийдээд өгвөл аяндаа л зүтгэнэ дээ.
Улсын цолоос гадна олимп, дэлхийн медальтай болно гэсэн том зорилго тавиад зүтгэх зангарагтай залуус байна уу.
Их спортоос нарийн техник, барилдаан сурдаг юм. Бөхийн орон мөн л юм бол хүнд жинд мундаг аваргатай байх ёстой. ОХУ, АНУ, Япон тэргүүтэй том орнууд жүдо, чөлөөтийн хүнд жиндээ түрүүлвэл тухайн тэмцээнийг манайх авлаа гэж үздэг.
Дэлхийн 200 гаруй орнуудын хөгжүүлсэн 260 гаруй үндэсний бөхийн төрлүүд байна гэсэн судалгаа байдаг. Тэр дундаас хамгийн олон оронд түгэн дэлгэрч хөгжсөн гурван төрөл нь цэнгэлийн манлай олимпод ордог. Чөлөөт, жүдо бол барилдааныхаа хувьд оргилдоо хүртэл хөгжиж, мэргэжлийн болчихсон төрөл.
Залуус бөмбөрцгийн бөхийн мах байтугай яс янгинаж өвддөг хүнд бэлтгэлийг давах ёстой. Дасах ёстой. Монгол залуус ийм бэлтгэлээс халираад баймааргүй байгаа юм. Өөрийгөө бодохоос гадна эх орныхоо төлөө баймаар байна. Жишээ нь, чөлөөтийн 120 кг-д бараг ганцаараа зүтгэж яваа Ж.Чулуунбат хожим нь Үндэсний бөхийн олон цолтнуудын нэг гэж биш, Монголын чөлөөтийн хүнд жинг нэгэн арванд авч явсан гэдгээрээ дэлхийд яригдах болно.
Спортын сэтгүүлч С.ШИЖИРБАТ