“News of the World” гар утас хакерджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

“News of the World” гар утас хакерджээ

Их
Британийн “News of the World” сонин гэмт хэргийн хохирогчид, улс төрчид
болон алдартнуудын гар утсыг тагнаж чагнасан хэргээр хаагдахад хүрээд
байна.  “News International”-ийн эзэн Жеймс Мурдок өнгөрсөн ням гаригийн
дугаар хамгийн сүүлчийнх боллоо гэж мэдэгджээ. Сонины хар дансанд
бүртгэлтэй 4000 гаруй хүн байсныг цагдаа нар тогтоосон байна.

Британийн
168 жилийн түүхтэй, хамгийн том гэж болох шар сонин хаагдахад хүрснийг
эрхлэгч Колин Милер “Сэтгүүлч нарын хувьд хар өдөр тохиолоо. Гэвч энэ
сонины бий болгосон амжилтыг юу ч нураах ёсгүй” гэжээ.  “News of the
World” алдартнуудын талаарх шуугиан дэгдээсэн үйл явдал, гэмт хэрэг,
секс дуулианы  “хадаас” мэдээ мэдээллээрээ алдартай, долоо хоногт  2.8
сая хувиар хэвлэгддэг сонин юм. “News International” сонин  200 гаруй
ажилчдаа цомхотгоно гэдэг мэдээллийг үгүйсгэж, тэд компанидаа үлдэнэ гэж
мэдэгджээ. “The Guardian” сонинд  Ерөнхий сайд Дэвид Кэмероны харилцаа
холбооны сайд асан Энди Кулсоныг “News of the World”-ын эрхлэгч байхдаа
гар утас чагнаж тагнасан, зохион байгуулсан хэрэгт сэжиглэн цагдаа нар
баривчлах гэж буй талаар бичжээ.  Мөн дээрх хэрэгт холбоотой өөр нэг
сэтгүүлчийг баривчлах гэнэ. Сонин сураггүй алга болсон 13 настай охины
хэргийн талаар мэдээлж байхдаа гар утсыг нь  хууль бус аргаар ашигласан
нь тогтоогдсон байна. 2002 онд Милли Доулер гэгч охин сураггүй алга
болж, удалгүй цогцос нь олдсон юм. Сонин охиныг алга болсон тухай
мэдээлсний дараа гар утаснаас нь мессежийг нь устгаж, эцэг эхэд нь амьд
байгаа гэдэг горьдлого төрүүлсээр байсан гэж британичууд буруутгаж
байгаа ажээ. “News of the World” сонин өмнө нь  жүжигчин Сиенна
Миллерийн дуут мессежийг тагнаж чагнасныхаа төлөө нөхөн төлбөр төлж,
уучлал гуйж байсан. Тус сонинд ажиллаж байсан хувийн мөрдөгч, өөр нэгэн
сэтгүүлчийн хамт Британийн хатан хааны ордны нэгэн ажилтны дуут
мессежийг чагнасан нь тогтоогдож 2007 онд шоронд хоригдсон ажээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард эхэлсэн мөрдөн байцаалтын явцад гар утас тагнаж
чагнасан хэрэгт сонины таван ажилтныг сэжиглэж байгаа юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж