Жи-Мобайлын дараа төлбөрт үйлчилгээ хязгааргүй хэрэглээтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2016.07.07-нд нийтлэгдсэн

Жи-Мобайлын дараа төлбөрт үйлчилгээ хязгааргүй хэрэглээтэй боллоо

“Жи-Мобайл” компанийн тэргүүн дэд захирал С.Баярсайхантай компанийн хэтийн зорилт, бүтээгдэхүүн үйлчилгээнийх нь талаар ярилцлаа.

-Сайн байна уу, сайхан зусаж байна уу. Юуны өмнө олон сайхан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг гаргаж хэрэглэгчиддээ хүргээд байгаа танай хамт олонд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?

-Баярлалаа. Манай компани хэрэглэгчиддээ үйлчилгээгээ хүргээд 9 дэх жилтэйгээ золгож байна. Ирэх онд 10 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Ойгоо угтаад олон шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээр хэрэглэгчиддээ бэлэг барьж байна. Бид 2016-2020 он хүртэл хөгжлийн төлөвлөгөө гарган техник технологи, бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд хамгийн сүүлийн үеийн, иргэдийн хэрэглээнд нийцсэн байх зарчмыг баримтлан ажиллаж байна.

Сүүлийн үед хийсэн онцлох ажлууд гэвэл дараа төлбөрт үйлчилгээгээ хэрэглэгчдийнхээ сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчиллээ, мөн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа дата үйлчилгээндээ хязгааргүй хэрэглээний шинэ багц гаргалаа, хэрэглэгчдийн маань тодорхой хувийг эзэлдэг орон нутгийн иргэддээ зориулаад 2G болон 3G сүлжээнд хослон ажилладаг хот хөдөөгүй ашиглах андройд үйлдлийн системтэй шинэ төрлийн G7 ухаалаг гар утсыг зах зээлд гаргаад байна

-Эдгээр онцлох шинэлэг үйлчилгээнүүдээ дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу, дараа төлбөрт үйлчилгээний багцад ямар өөрчлөлт орсон бэ?

-Шинэчлэлээс өмнө нь бид яриа, мессеж, дата зэрэг үйлчилгээнүүдийг хэрэглэгчийнхээ хэрэглээг урьдчилан тооцож түүнд нь тохируулж багцлан санал болгодог байсан. Жишээ нь: сүлжээндээ их ярьдаг хүнд, сүлжээндээ хязгааргүй бусад сүлжээнд тодорхой хэмжээний хязгаартай байхаар тооцож, дата хэрэглээг тэдэн мегабайт орчим байхад хангалттай байх гэж таамаглан багцлаад тогтмол сарын хураамж тогтоодог нийтлэг жишигтэй байсан юм. Харин сүүлийн үед хэрэглэгчдийн хэрэглээний хэв маяг, сонирхол, технологийн дэвшил гэх мэт олон зүйлд өөрчлөлт гарсантай холбогдуулаад бид хэвшмэл энэ багцуудаа шинэчлэн хязгааргүй хэрэглээтэй болгоод байна. Дата үйлчиллгээний хувьд бид хэрэглээ, хурдны хязгааргүй багцыг ч санал болгож байна. Мөн хэрэглэгч сарынхаа хэрэглээнд тохируулан яриа, дата, мессежний үйлчилгээгээ өөрөө сонгож, багцаа бүрдүүлэх боломжтой.

-Таны хэлснээр үнэхээр сүүлийн үед гар утасны хэрэглээ хувьсан өөрчлөгдөж байх шиг, хэдхэн жилийн өмнө идэвхтэй ашигладаг байсан мессеж үйлчилгээг дата хэрэглээ давсан болов уу гэж санагдаад байгаа юм, үүнийг мэдсэн юм шиг танайх хязгааргүй дата багцыг гаргасан нь өөрийн хэрэглэгчидээ баярлуулсан бусдыг атаархуулсан явдал болох шиг боллоо, энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Техник, технологи хөгжихийн хирээр ухаалаг утас төхөөрөмжүүд санаанд оромгүй боломжуудыг бидэнд нээж өгч байна.

Өдөр тутмын хэрэглээ үйлчилгээнүүдийн төлбөр төлөлт, онлайн худалдан авалт, цаг агаараас авахуулаад лавлах, мэдээллийн сайтууд, тв, дуу хөгжим, тэр байтугай гэрийн цахилгаан хэрэгсэл, аюулгүй байдлын хяналтын системийн удирдлага бүх юм дата буюу интернеттэй холбогдоод таны гар утсаар удирдагддаг боллоо, мэдээллийн урсгал хурдасч хэмжээ нь асар том болсон байна жишээлбэл ердөө ганцхан минутад бидний мэдэх youtube сайтад 300 цагийн шинэ бичлэг нэмэгддэг, фэйсбүүкэд өдөрт дэлхий даяар 300 сая зураг шинээр “постлогддог”, твиттерт ганцхан секундэд 7300 гаруй жиргээ хийгддэг гээд бодохоор төсөөлөхийн аргагүй байгаа биз.

Өөрөөр хэлбэл, бидний амьдрал интернетээс шууд хамааралтай болчихсон өнөө цагт дата үйлчилгээ ямар нэг хязгаарлалттай байх нь хангалтгүй юм, хэрэглэгчдээс маань ч энэ төрлийн үйлчилгээ гаргахгүй юм уу гэсэн хүсэлт маш их ирэх болсон.

Тиймээс бид энэ хэрэгцээ шаардлагад тулгуурлан хязгааргүй хэрэглээтэй 1 өдөр, 30 хоног, 365 хоног гэсэн 3 төрлийн дата багцыг шинээр гаргасан. Гар утаснаасаа хаана ч байсан интернетэд холбогдож, онлайн байх боломжийг 1, 30, 365 хоногийн сонголттой хязгааргүй дата багцууд маань олгож байгаа юм. Энэ нь ялангуяа залуучуудын хувьд маш том эрх чөлөө болох юм.

-Яагаад заавал 1,30,365 хоногийн сонголт гаргасан юм бэ, 7 хоног, 14 хоног гэсэн сонголт байж болохгүй гэж үү, мөн хурдны хувьд хязгаарлалт хийгдэх үү?

-Дээр хэлсэнчлэн технологийн хувьд асар их боломж бололцоо бий болсон, мэдээллийн урсгал болон хэмжээ нь хэт их болсноор хүмүүсийн хэрэглээг урьдчилан таамаглах аргагүй болоод байгаа юм. Манай хязгааргүй дата багцын хэрэглэгч маань өөрийн хэрэгцээ шаардлагадаа тохируулан хоногоо сонгоход л хангалттай тухайн сонгосон хоногт хэрэглээ нь хэчнээн ч их байсан бид хэрэглээг нь хязгаарлахгүй чанартай үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээнэ гэсэн үг.

-2G болон 3G сүлжээнд хослон ажилладаг ухаалаг гар утас гаргасан гэсэн энэ ямар учиртай утас вэ?

-Манай операторын онцлог бол хоёр өөр төрлийн бие биетэйгээ хослон ажиллах боломжгүй технологийг үйлчилгээндээ ашиглаж ирсэн явдал юм.

Өөрөөр хэлбэл хөдөө орон нутагт маш хол тархдаг, сүлжээ сайн барьдаг технологи маань 2G системийх бөгөөд зөвхөн цөөн тооны утсанд сим нь тохирдог харин УБ хот болон аймгийн төвүүдээр ашиглаж буй өндөр хурдны интернет бүхий үйлчилгээ маань 3G системийнх бөгөөд сүүлийн үеийн бүх төрлийн ухаалаг утсанд тохирдог юм.

Энэ хоёр төрлийн үйлчилгээг нэг гар утсанд нэгтгэж ашиглах боломжгүйгээс манай зарим хэрэглэгчид хөдөө явахдаа симээ өөр утсанд хийдэг, хотод ирээд буцаагаад ухаалаг утсандаа хийдэг эсвэл бүр хоёр утас халаасалж явдаг байсан.

Энэ асуудлыг шийдэхийн тулд бид G7 загварын гар утсыг тусгай захиалгаар хийлгэсэн бөгөөд 2G болон 3G сүлжээнд хослон ашиглах боломжтой андройд үйлдлийн системтэй энэ утсыг малын бэлчээрт ч ашиглах боломжтой боллоо гэсэн үг.

Энэ утсаа бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад тохируулан бүтэн жилийн хязгааргүй хэрэглээний багцтай хослуулсан нь үнэхээр нүдээ олсон хэрэг болсон.

Энэ утсыг авсан хэрэглэгчиддээ бид жилийн хязгааргүй үйлчилгээнүүдээ багцлан бэлэглэж байгаа юм.

-Жилийн хязгааргүй хэрэглээний багцаа дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-9 жилийн өмнө манай компани харилцаа холбооны зах зээлд анх удаа сүлжээндээ хязгааргүй тэг төгрөгөөр ярьдаг үйлчилгээ гаргаж хэрэглэгчидээ баярлуулж бас гайхашруулж байсан юм, энэ үйлчилгээ маань одоо ч эрэлттэй хэвээрээ манай брэнд болсон бүтээгдэхүүний нэг юм.

G7 утсыг авсан хэрэглэгчиддээ бид бүтэн жилийн хязгааргүй хэрэглээ буюу сүлжээндээ хязгааргүй ярих эрх, 365 хоногийн турш хязгааргүй ашиглах дата үйлчилгээ, дээрээс нь бусад сүлжээнд ашиглах 100 000 нэгжийг багцлан бэлэглэж байгааг дуулгахад таатай байна.

-4G технологийг Жи-Мобайл хэзээ нэвтрүүлэх вэ?

-Энэ оны 4 дүгээр улиралд багтаан 4GLTE нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Өнгөрсөн 5 сард зохион байгуулагдсан ICTExpo 2016 үзэсгэлэн дээр хэрэглэгчдэд 4Жи үйлчилгээгээ танилцуулж, интернет хурдны тест хийсэн нь амжилттай болсон. Эхний ээлжинд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад 4G LTE технологийг нэвтрүүлэхээр төлөвлөөд байна. Харилцаа холбооны салбарт шинэчлэл, шинэ технологи ямар богино хугацаанд хийгдэж байгааг бид бүхэн мэдэж байгаа. Үүнийг дагаад тухайн технологи, бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хэрэглэгчид мэдлэг мэдээлэл олгох, хэрэглэгчээ бэлдэх асуудал оператор компаниудад тулгарч байгаа юм. Тиймээс бид одоогийн манай нэвтрүүлсэн байгаа 3,99G болон 4G үйлчилгээний хурд, боломжуудын давуу тал, ялгааг хэрэглэгчиддээ таниулах зорилгоор шат дараатай ажлуудыг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь дээр дурдсан “Хязгааргүй дата” багцын үйлчилгээ юм.

-Бусад операторуудтай харьцуулахад танай интернет дата үйлчилгээний чанар ямар гэж дүгнэх вэ?

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос үүрэн телефоны операторуудын сүлжээний чанар, үзүүлэлтийг шалгаж улирал бүр олон нийтэд мэдээлдэг. 2016 оны нэг дүгээр улирлын уг тайланд дурдсанаар Жи-Мобайл компанийн интернетийн дундаж хурд хамгийн өндөр буюу 5.7mbps гэж гарсан. Энэ нь 1 секундэд 5.7мб хэмжээтэй файлыг дамжуулж байна гэсэн үг. Тайлангийн дүгнэлтэд “Жи-Мобайл” компанийн 3жи сүлжээний хурд “Үнэмлэхүй сайн” гэж дурдсаныг хэрэглэгчиддээ дуулгахад таатай байна. Тэгэхээр манай интернетийн хурд гайгүй сайн гэж дүгнээд байгаа..

-Хөдөөгийн иргэдэд хүрч буй интернетийн чанар ямар байна вэ. Хот, суурин газрын хэрэглэгчдэд хүрч байгаа шиг 3.99 жи үйлчилгээг чанартай ашиглах боломж хөдөөгийнхөнд бий юу?

-Хөдөөгийн иргэдээс 3.99 жи үйлчилгээг сум орон нутагт үзүүлэх хүсэлт манайд их ирдэг. Зүүнээс баруун бүс буюу Дорнодоос Ховд хүртэлх А зэрэглэлийн замыг дэд бүтэцжүүлэх ажил өрнөж байгаа. Энэ ажил дуусчихвал зүүнээс баруун бүс хүртэл төв зам дагуу 3.99 жи үйлчилгээг сум, багийн иргэдэд үзүүлнэ.

Энэ жилийн ICT Expo 2016 шалгаруулалтад хөдөөд байгуулсан дэд бүтцээрээ дамжуулан үзүүлж буй үйлчилгээ маань “Шилдэг үйлчилгээ” шагналыг хүртсэн. Уудам газар нутгийг хамарсан өргөн сүлжээг байгуулж чадсан хамт олон, залуучуудаараа бид бахархдаг.

-Энэ жилд дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээг нэвтрүүлнэ гэсэн. Энэ үйлчилгээний бэлтгэл хэр хангагдсан бэ? Зарим операторын хувьд хэрэглэгчээ алдана гэдгээс болгоомжилж байх шиг байна?

-Манай компанийн хувьд бусад үүрэн холбооны операторууд аль хэдийн зах зээлээ эзэлсний дараа гарч ирсэн. Ханасан шахуу зах зээлд хамгийн сүүлд гарч, бага багаар идэвхитэй ажиллаж хэрэглэгчдээ олж авсан. Тиймээс хэрэглэгчдээ бүгдийг нь алдчих болов уу гэж сандарч, эмээсэн зүйлгүй. Үүний оронд бэлтгэлээ сайн хангаж байна.

Гэхдээ олон улсын туршлагыг харахад нийт гар утас хэрэглэгчдийн тодорхой хувь нь л шилжилт хийдэг юм байна. Монгол Улсын хэмжээнд давхацсан тоогоор 4.5 сая хүн гар утас хэрэглэдэг. Харилцаа холбооны зохицуулах хорооны гаргасан судалгаагаар шилжилт хийх иргэдийн 15 хувь нь Жи-Мобайл компанийг сонгоно гэж гарсан байсан. Тиймээс бидний зүгээс техник, тоног төхөөрөмжийн бэлтгэлээ хангаад дуусч байна. Үндсэндээ хэрэгжилтээ л хүлээж байна.

-Өнгөрсөн өвөл танай компани зуданд нэрвэгдсэн малчдад туслах үйл ажиллагаанд оролцож байсан. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан энэ талаар?

-Хөдөө, орон нутагт хамгийн өргөн тархсан сүлжээгээ ашиглан гамшгийн үед түргэн тусламжийн үйлчилгээг малчдад шуурхай, оновчтой хүргэхэд чиглэсэн Терра системийг Олон улсын улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран өнгөрсөн өвөл хэрэгжүүлсэн юм. Энэ нь байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд мэдээлэл хүргэх, шаардлагатай байгаа тусламжийн саналыг иргэдээс мессеж хэлбэрээр цуглуулж авах систем юм. Увс, Ховд аймгийн зуданд нэрвэгдсэн айлуудад тусламж хүргэх ажилд Терра системийн тусламжтайгаар хамтран ажилласан. Ард иргэддээ хэрэгтэй цагт, үр дүнтэй ажилд оролцсондоо бид баяртай байгаа. Цаашид ч гэсэн манай компани иргэддээ хүрсэн олон үйл ажиллагаанд оролцох болно.

М.КЕЙТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж