ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН:
- МАН-ын Бага хурал өчигдөр 15.00 цагаас Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, 17.40 цагийн үед өндөрлөлөө.
Өчигдрийн хурлаар хэлэлцсэн гол асуудал нь МАН-ын Удирдах зөвлөлөөс оруулсан УИХ-ын гишүүн Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай байв.
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэмжсэн уг асуудлыг Бага хурал хэлэлцээд, Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр дэмжлээ.
Бага хуралд 202 гишүүн оролцсоноос 195 нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг дэмжжээ.
Бага хурлаас гаргасан шийдвэрийг одоо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх бөгөөд үүний дараа томилох эсэх асуудлыг УИХ-д өргөн барина.
- НИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, Хотын даргад нэр дэвшигч Су.Батболдыг хуралдаанд оролцогчдын олонх дэмжлээ.
НИТХ-аас гаргасан энэхүү шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барина. Үүний дараагаар албан ёсоор түүний бүрэн эрхийг баталгаажуулах юм.
- АСЕМ-ын дээд хэмжээний уулзалттай холбоотойгоор Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Одоогийн байдлаар дээд хэмжээний уулзалтад 34 орны төр засгийн удирдлагууд оролцохоор нотолгоогоо өгөөд байна. Энэ нь ерөнхийлөгч, ерөнхий сайд нарын хэмжээнд гэж ойлгоно. Монгол Улсын хувьд өмнө нь олон улсын төрийн тэргүүнүүдийг нэг дор хүлээж авч байгаагүй гэдэг утгаараа өндөр ач холбогдолтой.
Бусад нь гадаад хэргийн сайд, тусгай элчийн түвшинд оролцож байна. Зочид энэ сарын 12, 13, 14-ний өдрүүдэд ирнэ. Ирж буй зочдоос 4-5 улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ” гэж мэдээллээ.
- Өнгөрөгч мягмар гаригт УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ баталгаажуулсан. Тэгвэл өчигдөр /2016.07.06/ НИТХ-ын анхдугаар хурал болж, хурлын даргаа сонгосон тул 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөх хуультай.
Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хурлын гишүүдийн 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газарт ирүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч, хамтран ажиллах асуудлаар Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт албан бичгийг хүргүүлснээс гадна мэдүүлэг гаргагчдад зориулсан гарын авлага, зөвлөмжийг хүргүүлжээ.
- Хятадын юанийн ханш унасаар өнгөрөгч даваа гаригт 2010 оны арванхоёрдугаар сараас хойших хамгийн доод хэмжээг харуулсан байв.
Юанийн ханшийн уналт Хятадын Ардын банкны нарийн хяналтын дор явагдаж байна. Ардын банк хэрэгтэй гэж үзвэл гадаадын зах зээлд хамаатай байсан ч үл анзааран худалдаанд нь оролцдог. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт оффшорын зах зээл дэх өөрийн валютын уналтыг Хятадын Төв банк улсын банкуудынхаа тусламжтайгаар барьж байсан гэж Bloomberg агентлаг үзжээ.
- Улсын их баяр наадмын үеэр тодорхой бүсүүдэд замын хөдөлгөөнд оролцохын тулд автомашины зөвшөөрлийг дараах газруудаас авах боломжтой юм байна.
"А"-400 ш /Наадмын төв комисс/
ДК"-100 ш /Гадаад харилцааны яам/
"Ж"-100 ш /Нийслэлийн аялал жуулчлалын газар/
"Г"-2000 ш
"Шар-Ү"-300 ш /Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс/
"Ногоон Ү"-700 ш /Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс/
"Улаан М"-100 ш /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгууд/
"Цэнхэр М"-3000ш /Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгууд/ олгоно.