Гадаадынхан монголчуудыг алтан дээр суусан гуйлгачин хэмээн доош нь
хийдэг. Бидний монголчууд суусан алтаа хөдөлгөөд тэдэнтэй адилхан
хөрөнгөтэй болж авъя гээд Оюутолгойн ордоо ашиглах боллоо. Гэтэл
“Айвенхоу Майнз”-ын Р.Фрийдланд гэдэг дэлхийд зартай шилийн сайн
эрд алдчихваа.
УИХ-аас өнгөрсөн онд Концессын хуулийг шинээр баталлаа. Автозам тавих
Концессын олон улсын нээлттэй тендер зарлалаа. Хууль нь шинэ,
Концессын тендер нь анхных. Гэтэл өнөөх гайхал Р.Фрийдланд ороод
ирлээ. Олон улсын хэмжээнд мөрдөгддөг хууль дүрмийг яадаг юм гэж
уландаа гишгэж үзэж явсан тэр гайхал ороод ирэхээр Монголын хууль
дүрэм ном ёсоороо хэрэгжихэд тун бэрх болж эхэлдэг дээ…
2010 оны гуравдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн
Концессын хууль гарснаар, хөрөнгөтэй компани халааснаасаа мөнгөө
гаргаж хар замыг манай улсын хэрэгцээт газар барих, барьсан замаараа
давхисан машинаас төлбөр авч гаргасан зардлаа нөхөөд дээр нь ашиг
олох, эцэст нь хэдэн жилийн дараа Монгол Улсын төрийн өмчид шилжүүлэх
эрх зүйн орчин нээгдсэн юм.
Төрийн өмчийн хороо, ЗТБХБЯ хамтран Өмнөговь аймгийн Гурвантэс сумын
нутагт Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай 57 км
автозамын “Барих-Ашиглах-Шилжүүлэх” төрлийн концесс олгох нээлттэй
тендер зарласан байна. Нээлттэй тендерт Монголын үндэсний компани
“Монроуд”, Монгол-Хонконгийн хамтарсан “Чаннел гоулд лимитед”
компани, Р.Фрийдландын “Айвенхоу Майнз”-ын охин компани “Саусгоби
сэндс” оролцов. Энэ оны гуравдугаар сард болсон эхний
шалгаруулалтаас Концесс олгох тендерийн шаардлагыг хангаагүй
“Саусгоби сэндс” хасагдаж нөгөө хоёр компани нь дараагийн шатанд
шалгарчээ.
Шалгаруулалтын дараа Ардын намын аураг орд хавиар Р.Фрийдландын
компанийг унагасан /уул нь өөрөө унасан/ Төрийн өмчийн хорооныхныг
зэмлэсэн яриа гарчээ. “Саусгоби сэндс” компани нь урдчилсан
нэгдүгээр шатанд хасагдах байтугай, урьдчилж тохиролцсон ёсоор
тендерт ялах ёстой юм байж. Ялсныхаа дараа Монголын “Моннис”
компанитай хамтарч мөнгө босгох, босгосон мөнгө нь Монгол Ардын
намын ирэх оны сонгуульд зарцуулагдах учиртай байж. Энэ программын
зохиогчид Сү.Батболд, Су.Батболд, Ч.Хүрэлбаатар юм байх.
Тендерийн хоёр дахь шатны шалгаруулалт зургадугаар сард болж 20-ны өдөр
“Монроуд”, “Чаннел гоулд лимитед” компанийнхан хуулийн дагуу бичиг
баримтаа өгөхөөр Төрийн өмчийн хорооны байранд иржээ. Гэтэл өмнөх
шатанд хасагдчихсан “Саусгоби сэндс”-ийн төлөөлөгчид гэнэт дайран орж
ирээд “Шалгаруулалтад оролцоно, бичиг баримтаа өгнө. Төрийн өмчийн
хорооны төлөөлсөн гишүүд нь аль нь вэ, тэдэнтэй ярина” гэж нээлттэй
үйл ажиллагааны үеэр нээлттэй даналзжээ. Энэ нь Ардын намын аураг орд
хавийн яриа үнэн болохыг нэгэнтээ баталсан хэрэг болж. Хоёр дахь
баталгаа болсон үйл явц тэр дороо өрнөсөн нь Концесс олгох тендерийн
комисс “Саусгоби сэндс” компанийн материалыг хүлээн авсан явдал байв.
Гэвч тус компанийн бичиг баримт дутуу байсан учраас комиссынхон
дахиад хасахаас өөр арга байсангүй. Ямарч болов “ноёны бөх” уналаа.
Гэтэл Монголын бадарчин баярлах болоогүйн үлгэр болж Төрийн өмчийн
хорооны ажилтнаар зүүнээ, Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооны
ажилтнаар баруунаа магнайлуулсан комиссынхон “Саусгоби сэндс”-ийг
дахиж “барилдуулах” -ын тулд Монголын үндэснийхээ компани
“Монроуд”-ыг “Чаннел гоулд лимитед” компанитай хамтад нь унагаж тус
Концесс олгох тендерийг бүхэлд нь хүчингүй болгожээ. Улмаар 15
хоногийн хугацаатай Хязгаарлагдмал уралдаант тендер шинээр зарлаж,
шалгаруулалтад оролцох урилгыг өөрсдөө зориуд унагасан “Монроуд”,
“Чаннел гоулд лимитед” компаниас гадна хоёр ч удаа өөрөө унаад
хасагдчихсан байгаа Р.Фрийдландын “Айвенхоу Майнз”-ын охин компани
“Саусгоби сэндс”-д гардуулах нь тэр.
Тендерийн санал хүлээн авах эцсийн хугацаа долдугаар сарын18,
шалгарагчдын дарааллын жагсаалт гаргах нь наймдугаар сарын 1,
Концессын гэрээнд гарын үсэг зурах нь наймдугаар сарын 15 аж. Наадмын
маргаашаас Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн хатуу хучилттай 57 км
автозам тавих концессын эрхийг Монголын компани “Монроуд” хууль ёсоор
авах уу, Монгол Ардын намаас “ялах виз”-тэй, Өмнөговьд 31 хайгуулын,
гурван ашиглалтын лицензтэй, Р.Фрийдландын “Саусгоби сэндс” компанид
хууль бусаар өгөх үү гэсэн процесс явах юм байна хэмээн сэтгүүлч
надад бодогдож байна.
Монгол хүн амны бэлгээрээ гэдэг. Төрийн өмчийн хорооны даргаас эхлээд
тендерийн комисст орсон ажилтнууд та бүхэндээ сайхан наадаарай гэж
ерөөе. Мистер Р.Фрийдландын сэтгэл санааны хийгээд бусад хэлбэрийн
ямарч дэмжлэггүйгээр та бүхэн наадаж байсан, хойшид ч наадна, тэгш
дөрвөн ой давхацсан энэ жилийн наадмаар ч сайхан наадна гэдэгт
итгэлтэй байна.
Төрийн өмчийн хороо гэснээс, танай газарт Гадаад явдлын яамны сайд
байсан, олны хүндлэлт эрхэм С.Аварзэд гуайн охин ажилладаг гэж сонссон
юм байна. Содномын Аварзэд гуай сайд байхдаа 1958 оны
Монгол-Зөвлөлтийн хилийн хэлэлцээрт өөрийн улсын Засгийн газрын
төлөөлөгчдийг тэргүүлжээ. Тэрээр оросуудаас тулгасан, Увс аймгийн
Давст сумаас зүүн тийш улсын хойт хил дагуухь 300 км урт зурвас газрыг
ОХУ-д нэгтгэх гэсэн саналыг хүлээж авахгүй хэмээн “Газар шороог минь
дээрэмдсэн энэ гэрээнд зөвшөөрсөн гарын үсэг хэзээ ч зурахгүй” гэж
татгалзсанаар намын, албан тушаалын өөр ямар ямар эрх ашиг байсан юм бэ,
бүгдийг бөөндөж хоёрдугаарт тавиад улс эх орныхоо эрх ашгийг цорын
ганцаар нь нэгдүгээрт тавьсан байдаг. Үүнийхээ шийтгэлд Хэлэлцээрийн
тэргүүнээс төдийгүй сайдын сэнтийгээс бууж тээврийн машины жолоочийн
суудалд шилжсэн байна. Гэтэл эрх ашгийн дарааллыг С.Аварзэд гуайнхаас
тонгоруулж тавьсан Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Л.Цэнд
гэдэг хүн оронд нь Хэлэлцээрийн тэргүүнээр томилогдож очингуут
Монголын газар нутгаас тасдаж өгөх гэрээнд гарын үсэг зураад
баталгаажуулсан түүхтэй юм билээ. Төрийн шагналт Баабар
“Лувсанцэрэнгийн Цэнд гэдэг товарищ чинь манай гуравдахь
Ерөнхийлөгчийн гэргий О.Цолмонгийн өвөө шүү дээ. Тэр товарищийн чинь
Орост өгсөн газарт Ю.Цэдэнбал даргын төрсөн бууцнаас гадна өөрийнх нь
өсч төрсөн нутаг нь Сэлэнгэ аймгийн хойд талаас орчихсон” гэж ярьдаг.
Энэ бүхнээс үүдээд бодоход хойчийн хойшид “Хүннү гүрэн, Их Монгол Улс,
Үндэсний хувьсгал, Ардын хувьсгалын дөрвөн тэгш ой давхацсан 2011 оны
наадмын үеэр юм билээ. Анхны концессын, анхны автозам барих гэтэл
өнөөх гайхал Р.Фрийдланд хууль бусаар хошуугаа дүржээ. Тэгэхэд нь
ТӨХ, ҮХШХ, ЗТБХБЯ-ны хэдэн ажилтан улс эх орныхоо ашгийг нэгд тавьж,
өнөөх гайхлын хоншоор дундуур нь хуулийн заалтаар тас цохиод
үндэсний компаниараа Нарийнсухайт-Шивээхүрэнгийн замыг
тавиулсан гэдэг” хэмээн сайнаар дурсан яригдахаар шийдвэл монгол
хүн болж төрсний хувьд олон олон хүн омогших биз ээ.
Зохиогчийн эрх: "Үндэсний шуудан" сонин