Хуулийн ажилтнуудын сахилгыг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Хуулийн ажилтнуудын сахилгыг сайжруулна

Хуулийн байгууллагын ажилтнууд иргэдтэй харилцахдаа зан харьцааны  доголдол гаргадаг, зарим гэмт хэрэг цагдаа, прокурор, шүүхийн олон шат дамжин эргэж буцсаар шийдэгдэхгүй удааширдаг хэмээн олон нийт шүүмжилдэг. Тэгвэл эдгээрт цэг тавих нэгэн тушаалыг хуулийн байгууллагын удирдлагууд хамтран гаргажээ.  

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүй дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий прокурор нар хамтарсан захирамж, тушаал гаргаснаа бүх шатны шүүхийн шүүгч, ажилтнуудад хүргүүлсэн байна. Энэ хамтарсан захирамж, тушаал нь хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулахтай холбоотой аж. Дээрх тушаалаар Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, ЦЕГ, ШШГЕГ, тэдгээрийн харьяа газар, албадаас зохион байгуулж байгаа баяр ёслол, тэмдэглэлт өдөр зэрэг нийгэм соёлын арга хэмжээ, эдгээр байгууллагуудын удирдах ажилтны түвшинд хийх уулзалт, хүлээн авалт зэрэг хүндэтгэлийн арга хэмжээг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй тэмдэглэж байхаар тогтоосон байна. Мөн шүүгч, прокурор, офицер, ахлагч болон бусад ажилтнууд иргэдтэй харилцахдаа доромжлох, сүрдүүлэх, дарамтлах, элдэв хүнд суртал гаргаж чирэгдэл учруулах, зандарч загнах, маргалдах зэрэг харилцааны болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь тогтоогдвол сахилгын болон захиргааны арга хэмжээг нэн даруй авахуулж, мэдээлж байхыг бүх шатны удирдлагуудад даалгажээ. Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь илтэд хууль зөрчсөн, мэргэжлийн ноцтой алдаа гаргасан шүүгчид, шүүхээс эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаасан тохиолдолд прокурорт, прокуророос эрүүгийн хэргийг ЭБШХ-ийг ноцтой зөрчсөн, бүрдэл дутуу хангасан гэсэн үндэслэлээр буцаасан тухай бүрт зөрчлийн байдлыг харгалзан хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарт тус тус хариуцлага тооцож байхаар заасан байна. 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж