УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулсан гишүүд, төлөөлөгчид тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөх хуультай аж.
Өчигдөр /2016.07.05/ УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ баталгаажуулсан. Тэгвэл өнөөдөр /2016.07.06/ НИТХ-ын анхдугаар хурал болж, хурлын даргаа сонгосон тул өнөөдрөөс эхлээд 30 хоногийн дотор 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөх хуультай.
Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хурлын гишүүдийн 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг тус газарт ирүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч, хамтран ажиллах асуудлаар Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт албан бичгийг хүргүүлснээс гадна мэдүүлэг гаргагчдад зориулсан гарын авлага, зөвлөмжийг хүргүүлжээ.
Т.НОМИН