Хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу талууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, санамж бичигт тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэх гэнэ. Тухайлбал, хоёр улсын авлигатай тэмцэх байгууллагууд авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй тус тусын зорилтын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааны хэлбэр болон стратегийн түншлэлийг бий болгоно. Мөн бүрэн эрхийнхээ хүрээнд харилцан ажлын туршлага солилцох, алба хаагчдаа харилцан илгээж сургах, сургалт, семинар, симпозиум зохион байгуулах зэрэг чиглэлүүдэд хамтран ажиллах юм байна. Нөгөө талаас авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх ажилд өргөн хүрээнд харилцан мэдээлэл солилцох, эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх эрх зүйн орчин, боломж бүрдэх ажээ. Одоогоор Монгол Улс БНСУ, БНХАУ, Хонгконг-Макао, ХБНГУ, ИБУИВУ, Индонези, Австрали, АНУ зэрэг улс, орнууд болон эдгээр улс орнуудын авлигатай тэмцэх байгууллагуудтай харилцаа тогтоон ажиллаж буй юм байна.
Тайландын төлөөлөгчид УИХ-ын даргад бараалхана
Тайландын Авлигын эсрэг үндэсний комиссын ерөнхийлөгч Пантел Кланаронгран тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийхээр өчигдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.
Тэд Монгол Улсын Авлигатай тэмцэх газартай хамтын ажиллагаа тогтоох харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ажлын хүрээнд Монгол Улсад айлчилж байгаа юм. Айлчлалынхаа хүрээнд төлөөлөгчид өнөөдөр үдээс хойш УИХ-ын даргад бараалхахаар болжээ. Мөн Авлигатай тэмцэх газрынхантай хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах юм байна. Гурван жилийн хугацаатай хэрэгжих хамтын ажиллагааны санамж бичигт Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Г.Бадарч, Тайландын Авлигын эсрэг үндэсний комиссын ерөнхийлөгч Пантел Кланаронгран нар гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Г.Дарь