“Х-Түц” продакшны захирал, жүжигчин Н.Ононтой ярилцлаа. Тэр үзэгчдийг байлдан дагуулж буй “Яг түүн шиг” шоуны шүүгчийн нэг билээ. Тун удахгүй уг шоуны шилдэг оролцогч тодрох учир шийдвэрлэх шалгаруулалтын онцлог, шалгуур болон шоуны талаар түүнтэй ярилцлаа.
“НЭГ ХҮН ТАВ ТҮРҮҮЛБЭЛ ТЭРНЭЭС ИЛҮҮ ХАРДЛАГА ҮҮСНЭ”
-Та дэлхийн нэр хүндтэй “Яг түүн шиг” шоуны шүүгчээр ажиллаж байна. Анх шүүгчээр ажиллах саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-“Боловсрол суваг” телевизийн хамт олон надад шүүгчээр ажиллах хүсэлтийг тавихад эхлээд татгалзсан юм. Ажлын зав таарахгүй байсан л даа. Тэгээд дахин ярилцаж үзээд, шүүгчээр ажиллах саналыг зөвшөөрсөн. Шоуны багийнхантай хэд хэдэн удаа уулзаж байгаад ажлаа зохицуулахаар шийдсэн.
-“Яг түүн шиг” шоуны шүүгчид хэн гэдэг нь нууцлаг байсан. Ерөнхийдөө шоуны эхний дугаараас л мэдсэн шүү дээ. Зарим үзэгчид шүүгчдийн сонголтыг шүүмжилж байсан?
-Бүх зүйл 100 хувь хүмүүст таалагдана гэж байхгүй шүү дээ. Хүмүүс шүүмжилвэл шүүмжилнэ биз. Шоуны явцад “Тэр шүүгч болиоч ээ”, “Онон ёстой дуунаас хол юм аа” гэх мэт яриа гарч л байна. Нэгдүгээрт, би дуучин биш. Би шүүгч Г.Ганхүүгийн хажууд дуулалт ярих нь илүүц байх. Тэгэхээр би жүжигчин хүний хувьд жүжиглэх ур чадварыг илүү харна. Харин дуулалтын хувьд сонсогчийн байр сууринаас ханддаг.
-“Яг түүн шиг” шоуны зүгээс шүүгчдэд ямар шаардлага тавьдаг вэ?
-Шоуны зүгээс шүүгчдийг үнэнч байхыг л шаардана. Ерөнхийдөө оролцогчдын хоолойн өнгө, үйл хөдөлгөөн, жүжиглэлт гэсэн гурван шаардлагыг харж шүүдэг.
-Шоуны найм дахь дугаарын ялагчаар жүжигчин Н.Мөнхсоёл тодорсонд үзэгчдийн зарим нь шүүгчдийг буруутгаж байсан?
-Би дуучин Э.Энхзолд хамгийн дээд оноог өгсөн шүү дээ. Миний хувьд дуучин Э.Энхзол тэр өдөр хамгийн сайн тоглолтыг үзүүлсэн. Гэхдээ бусад шүүгчид болон оролцогчдын оноогоор жүжигчин Н.Мөнхсоёл түрүүлсэн. Жүжигчин хүн жүжигчнээ, дуучин хүн дуучнаа дэмжинэ гэсэн ойлголт байхгүй. Тэгвэл шоу утгаа алдана биз дээ.
-Энэ шоуны дугаар бүрт нэг ялагчийг тодруулахаар ярилцсан гэж ч ярих юм. Ер нь шоуны өмнө тэрийг ялагч болгоно гэсэн яриа, тохиролцоо байдаггүй биз дээ?
-Шоуны шүүлттэй холбоотой хардлага их байна. Нэг хүн тав түрүүлбэл тэрнээс илүү хардлага үүснэ. Гэхдээ ийм хардлага төрнө гэдэг нь энэ шоу “амьд” байгаагийн шинж. Хэний ч сонирхлыг татахгүй байгаа бол хэн ч, юу ч хэлдэггүй. Харин ч би үзэгчдийн байр суурь, үзэл бодол, бас хардлагад талархалтай хандаж байгаа.
-Шоуны үеэр шүүгчид санал зөрөлдөх асуудал гарч байв уу?
-Шоуны ард шүүгчид маргалдаж үзээгүй. Тайзны ард тохиролцоо хийж ч байгаагүй. Ширээн дээрээ суугаад өөр өөрсдийн үнэлэмжээ л өгдөг. Харин шүүгчдийн өгсөн оноо ойролцоо байх нь элбэг. Тэгэхээр шүүгчид ойролцоо шүүсэн гэж бодож байгаа. Харин загвар өмсөгч Э.Энхболд дуучин Лэди Гагаг дууриахад шүүгчдийн оноо их зөрсөн санагдаж байна. Хоёр шүүгч маань хамгийн дээд талын оноог өгөхөд би хамгийн доод оноог Э.Энхболдод өгсөн. Өнгөрсөн долоо хоногийн үзэгчдийн мессеж саналын дүнг харахад “ханатай л шүүсэн” байна гэж бодож суулаа.
“НАДАД НЭГНИЙХ НЬ Ч УТАСНЫ ДУГААР БАЙХГҮЙ”
-Шоуны хагас шигшээ тоглолтын үеэр хоёр оролцогч хасагдсан. Энэ мөчийг шүүхэд хэцүү байсан уу?
-Ганц өнгөрсөн долоо хоногт ч биш. Бид нийт есөн дугаар шүүсэн. Тэр болгоны ард гарахад хэцүү байлаа. Нэгдүгээрт, энэ найман залуус асар их авьяастай. Хоёрдугаарт, долоохон хоногийн дотор өөрөөсөө өөр хүн дууриаж, дуу хоолой, хөдөлгөөнийг нь сурна гэдэг бас л чанга. Их хөдөлмөр шаардана. Ийм их хөдөлмөрийг дүгнэх нь бас тийм амар биш юм билээ.
-Энэ шоуны найман оролцогчдоос онцгойлон үнэлж явдаг оролцогч бий юу?
-Би шоуны шүүгч учраас оролцогчдоос онцлох эрх байхгүй. Энэ нь хувь хүн болон шүүгчийн ёс зүйн хувьд нийцэхгүй. Надад тэр нь сайн, энэ нь муу гэж бодсон юм алга. Би оролцогчдодоо их хайртай болсон. Залуус маань их авьяастай. Гэхдээ энэ найман оролцогчоос нэг нь л түрүүлнэ шүү дээ. Намайг хоёрын хооронд зан гаргахгүйг минь мэддэг улсууд нь мэднэ. Би нэг ч оролцогчийг дэмжиж, мессеж бичиж үзээгүй. Харин өчигдөр анх удаа шоуныхаа найман оролцогчдын зургийг өөрийн фэйсбүүктээ хийлээ. Өөрийнхөө зүгээс оролцогчдодоо хандан, зөвлөгөө өгмөөр санагдах үе их гардаг ч надад нэгнийх нь ч утас байдаггүй.
-Энэ шоуг шүүх явцад хэний тоглолт сэтгэлийг тань хамгийн их огшоосон бэ?
-Ер нь урлагийн бид сайн зүйлийг харахаар их баярладаг юм байна. Оролцогчдын өмнөөс их баярладаг. Өнгөрсөн дугааруудад дуучин Б.Маралжингоо зууны манлай дуучин МУГЖ Ш.Чимэдцэеэг дууриаж, дуулахад сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Мөн дуучин П.Баярцэнгэл алдарт дуучин Боб Марлиг дууриахад их сайхан санагдсан. Дуучин П.Баярцэнгэл тухайн дуучнаа их мэдэрч дуулсан. Найман оролцогчид маань эхэндээ их сандарсан ч сүүлдээ “булуу хална” гэдэг шиг өдрөөс өдөрт сайжирсан. Энийг үзэгчид ч хэлэх байх.
-Дуучин Б.Маралжингоо энэ шоунд гурван удаа түрүүлж, хамгийн өндөр оноог авсан. Тиймээс шилдгээр дуучин бүсгүй тодрох нь тодорхой байх гэж хүмүүс ярьж байна.
-Шилдгийн шилдэг ялагч тодроход тэр нөлөөлөхгүй. Нэг ч түрүүлээгүй хүн ч ялагч болж болно. “Яг түүн шиг” шоуны дүрэм нь тийм юм. Өнгөрсөн долоо хоногт оролцогчдын авсан нийт оноог танилцуулсан. Гэтэл тэр дунд нэг ч түрүүлээгүй дуучин Э.Энхзол хоёрхон оноогоор дутуу явж байсан. Харин хамгийн бага оноотой хоёр оролцогч бүсгүй хасагдсан. Ингээд үлдсэн оролцогчдын оноо “тэг” болж байгаа юм. Долдугаар сарын 10-нд болох тоглолтын ялагч хэн ч байж болно. Тэгэхээр их сонирхолтой тоглолт болно. Мөн шоуны сүүлийн өдөр оролцогчид өөрсдийн хүссэн дүрээ сонгоно. Тиймээс үүнийг шүүхэд бүр л хэцүү болно гэсэн үг.
-Тэгэхдээ сонгосон дүрээ шүүгчдэд хэлнэ биз дээ?
-Одоогоор хараахан мэдээгүй байна. Бидэнд төгсгөлийн шоунаас өмнө хэлэх байх. Миний хувьд оролцогчдын хөдөлмөрийг зөв үнэлэхийн тулд судалгаа сайн хийх хэрэгтэй. Шоуг дөхүүлээд мэдэх байх.
-Шүүгчээр ажиллах явцад шударга бус зүйлтэй таарсан уу?
-Ийм нэр хүндтэй шоуны шүүгчээр ажиллаж байгаадаа баяртай байна. Би өөрийн хэмжээнд шударга шүүж байгаа гэж боддог. Өмнө нь хоёр жил “АСК” цэнгээнт нэвтрүүлгийг шүүж байсан. Тэр тэмцээний үеэр сургуулийн захирлууд гарт минь мөнгө атгуулах гэж оролдож байлаа. Би “Үгүй” л гэдэг. Хэрэв мөнгийг нь авлаа гэхэд дараа нь сэтгэлд сэв болно. Харин “Яг түүн шиг” шоуны шүүгчээр ажиллахад нэг ч хүн “Манай тэрийг дэмжээрэй” гэж залгахгүй байна гээд бод доо. Энэ үнэхээр олзуурхууштай. Энэ найман залуусын хэн нь түрүүлэх нь чухал биш, эдгээр залуустай эн зэрэгцэх залуус л дараа дараагийн шоунд оролцох эрхтэй болж байгаа явдал юм.
“БИ ШОУГАА ҮЗДЭГГҮЙ”
– Жүжигчин Н.Онон хошин урлагийн жүжигчин атлаа сэтгэл хөдлөлөө гаргахгүй байна гэх юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Энэ хувь хүний характер байх л даа. Үргэлж 24 цаг инээнэ гэж юу байхав. Хошин урлагийн жүжигчин гэхээс илүүтэй жүжигчин хүнийхээ үүднээс шүүж байгаа гэж боддог. Яахав интертайнмент шоу гэдэг талаасаа энэ талын шүүмжлэлийг хүлээн авч байна.
-Хошин урлагийн жүжигчин олон хүний дүрд хувирдаг шүү дээ. Тиймээс шоуны оролцогчдыг илүү ойлгож, мэдэрдэг байх?
-Тийм ээ. Манай хошин урлагийнхан зүгээр тоглох бус хүн дууриах гэж их оролддог шүү дээ. Би хүн дууриах ямар хэцүү гэдгийг биеэрээ мэдэрсэн учраас энэ наймдаа их хайртай болсон.
-“Яг түүн шиг” шоу таны үзэх дуртай шоу болсон уу?
–Би шоугаа үздэггүй.
-Яагаад?
-Ер нь шоугаа тогтож, үзэж байгаагүй. Мэдэхгүй, их сонин. Өөрийнхөө тоглосон тоглолт, кино, нэвтрүүлгийг ч сайн үздэггүй.
-Эсвэл өөрөө дотор нь ажилласан учраас үзэх шаардлагагүй гэж үү?
-Үгүй. Тэрэндээ биш. Үзмээр санагддаг ч үзэж чаддаггүй юм. Гэхдээ огт үзээгүй гэж худлаа яриад яахав. Ерөнхийд нь гүйлгэж хардаг. Ялангуяа хүмүүстэй хамт бүр үздэггүй. Энэ миний зан байх л даа.
-Ичимхий гэж үү?
-Үгүй ээ. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Яагаад ч юм хар багаасаа өөрийнхөө дуу хоолойг сонсох дургүй байсан. Сонсож чаддаггүй юм. Хүмүүс хэдий зүгээр байна гэдэг ч надад хачин санагдаад байдаг.
-“Яг түүн шиг” шоуг гэр бүлийнхэн тань үздэг үү. Танд юу гэж зөвлөдөг вэ?
-Ер нь манай гэрийнхэн надад зөвлөгөө өгдөггүй. Би шоугаа гүйлгэж харж байхад их ярвагар хардаг гэдгээ анзаарсан. Би уг нь уурлаагүй байдаг. Тухайн үзүүлбэрээ анхааралтай, хянуур харахаар уурлаад байгаа юм шиг харагддаг байх. Би өөрийгөө тэгж л харсан. Харин шүүгч Г.Ганхүү ахын хувьд их нүүрний баясгалантай хүн. Тэгэхэд би сэтгэл хөдөлсөн үедээ л инээдэг.
-Таны охин хуримаа хийлээ гэж дуулдсан. Өвөө болсон уу?
-Манайх хоёр охин, нэг хүүтэй. Саяхан өвөө болж, зээтэй болсон.
-Хамгийн сүүлд “Сайн уу амьдрал минь 2” кинонд продюссераар ажилласан. Сүүлийн үед кинонд тоглохоосоо илүү продюссер хийх болжээ?
-Саяхан орон нутгаар сонгуулийн сурталчилгааны ажилд яваад ирлээ. Би сүүлд “Сайн уу амьдрал минь 2” кинонд тоглохоос илүү продюссераар нь ажиллалаа. Надад продюссерын ажил хийх сонирхолтой санагдаж байгаа. Хүн ганцхан ажил хийлгүй, өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэр ч үүднээс “Яг түүн шиг” шоуны шүүгчээр ажиллаж байна.
-“Х Түц” хамтлагийн уран бүтээлийн төлөвлөгөөг сонирхвол?
-Одоо уран бүтээлчид маань амарч байна. Гоё амарсан шиг амаръя. Намраас ажилдаа орно.
-Таныг морь уядаг гэж сонссон. Энэ жилийн наадмаар морь уях уу?
-Би морь уяахаа больсон. Морь уяна гэдэг их зарлага шаарддаг. Би бол дийлэхгүй юм билээ. Дийлдэг улсууд нь л дийлдэг байх. Харин хэдэн уналганы морьд бий.