Наадмын нээлт ийм агуулгатай

Хуучирсан мэдээ: 2016.07.06-нд нийтлэгдсэн

Наадмын нээлт ийм агуулгатай

НААДМЫН НЭЭЛТ МОНГОЛЫН ГОЛ ДӨРВӨН ТҮҮХИЙГ ХАРУУЛНА

Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход тавхан хоног үлдлээ.

Түүхэн тэгш ойн баярууд давхцсан энэ жилийн үндэсний их баяр наадмын нээлт монгол хүн болж төрсөндөө бахархаж, эртний түүхийн эзэд гэдгээрээ омогших сэтгэгдэл төрүүлэхэд агуулгаа чиглүүлжээ. 

Монгол Улсын Төрийн шагналт, найруулагч Н.Наранбаатар наадмын нээлт, хаалтын урлагийн тоглолтыг найруулахаар сургуулилтдаа гарчээ. Нийт 1500 орчим хүний бүрэлдэхүүнтэй багт урлаг соёлынхноос гадна цэргийнхэн багтсан аж. Уран бүтээлчид, цэрэг эрс энэ сарын 2-ны өдрөөс эхлэн сургуулилтдаа гарч, нээлт, хаалтын тоглолтоо наадамчин олондоо тавихаар бэлдэж байна.

Төрийн наадмыг уламжлалт баяр  гэдэг утгаар нь найруулагч харж, наадмын хөтөлбөрөө Хүннү, Ром гүрнээс эхлээд 810 жилийн тэртээх Их эзэн Чингис хааны байлдан дагуулалт, манжуудыг дарж, тусгаар тогтнолоо бадраасан Богд хаант засаглалын үе гээд түүхийг он жил дараалалаар зангидаж, боловсруулжээ. Товчхондоо бол, Монголын түүхийн хуудаснаас дөрвөн гол хэсгийг чухалчлан авч, үзэгчдэд урлагийн бүтээл болгон үзүүлэх юм байна.

"Хүчирхэг Хүннү гүрний гол онцлог цэрэг армидаа байсан. Цэрэг арми хүчтэй байсан тул өөрийн гэсэн байр суурьтай болж, өөрийн гэсэн дархлааг бий болгодог байж. Одоо цэрэг арми гэхээсээ илүүтэй эдийн засгийн чадвар дээр тогтдог тогтолцоотой болсон. Харин Их Монгол улсын үед Чингис хаан дэлхийн талыг байлдан дагуулж байсан гэхээсээ илүүтэй дэлхийд маш их соёлыг түгээсэн гэдгээр нь ч харж болно. Гэрэгэ гэхэд л өнөөдрийн гадаад паспорт, их цааз бол хууль, их хуралдай буюу парламент, харилцаа холбоо гээд энэ бүхэн Чингис хааны үеэс л үүсэлтэй гэх мэтээр энэ бүхэн тоглолтод орно" гэдгийг найруулагч Н.Наранбаатар онцолж байлаа.  

Шинээр бүтээж буй Үндэсний их баяр наадмын сүлд дууг долдугаар сарын 11 буюу наадмын өглөө үзэгчдэд хүргэх юм байна.

Наадмын нээлтэд тоглогдох бүжгийн дэглэлтэд найруулагч Г.Ган-Очир хамтран ажиллаж байв. Харин хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч Б.Чинбат хариуцжээ. 

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж