Үргэлжлэн орсон аадар бороо Хятадын төв болон зүүн хэсгийн нутгийг үерийн усанд живүүлжээ. Хятадын 11 мужид 100 орчим хүн үерийн улмаас амь эрсдэж, өнгөрсөн дөрөв хоногт 19 хүн сураггүй болсныг хайж байна. Үерийн усанд олон сая га тариалангийн талбай угаагдсанаас ургац алдахад хүрсэн аж. Хятадын албаныхны мэдээгээр 1.34 сая га талбай үерийн усанд угаагдаж ургац авах нөхцөлгүй болсон байна. Үерийн улмаас хятадууд 140 сая тонн ургац алдах урьдчилсан тооцоо гарчээ. Зөвхөн Анхуй мужид л гэхэд 7100 гахай, 215 үхэр, 5.14 сая гэрийн тэжээвэр шувуу хорогджээ. Хятадын засгийн газрын тооцоолсноор үерийн гамшгаас үүдсэн эдийн засгийн шууд хохирол 20 тэрбум юань давсан аж. Гол мөрний усны түвшин сүүлийн 10 жилд байгаагүй өндөр төвшинд хүртэл нэмэгджээ. Өмнө нь 1998 онд энэ хэмжээний үер болоход 4000 хүн амиа алдсан аж.
Хоёр мөрний сав газарт орших Аньхуй мужид үерийн гамшигт хамгийн ихээр өртсөн бөгөөд засгийн газраас хүн, амьтны амь насыг аврахын тулд чадах бүхнээ хийж байна. Хятадын засгийн газраас үерт нэрвэгдсэн хот, тосгодоос сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Аадар бороо ирэх өдрүүдэд үргэлжлэн орох төлөвтэй байгаа нь үерийн гамшгийг улам нэмэгдүүлэхийг цаг уурын албанаас мэдээлсэн байна.
Түүнчлэн хөх мөрний эрэгт орших Хунань мужид нөхцөл байдал илүү муу байна. Үерийн усны улмаас галт тэрэгний үйлчилгээ бүрэн зогсож, автозамууд хаагдсанаар тусламж хүрэхэд хүндрэлтэй байгаа аж. Үүний зэрэгцээ гурван тонн дизель түлш асгарч үерийн усаар дамжин ойролцоох гол, нууруудыг бохирдуулсан байна. Хөх мөрөнд цутгадаг 43 том жижиг гол бүгд эргээ халин үерлээд байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулжээ. Хятадын албаныхан голын усны түвшнийг хянахын тулд өдөр бүр мотоциклтой хүмүүсээр эргүүл хийлгэн хэмжилт хийлгэж байгаа аж.