Байнгын хороодын хуралдаан зарлаад байна

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Байнгын хороодын хуралдаан зарлаад байна

УИХ-ын Тамгын газрын хурал зохион байгуулах ажлын албанаас өнөөдөр гурван ч байнгын хорооны хуралдаан зарлаад байна. Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаа 10.30 цагаас үргэлжлүүлэх болоод байна. Одоогоор гишүүд хараахан цуглаагүй байгаа юм. Гэхдээ дээрх хуралдаанаас УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр дахин засварлага хүсэх үү  эс бөгөөс хуралдаа суух уу гэдгээ шийдэх ёстой.

Эл байнгын хорооны хуралдаанаар Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ёстой юм.

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.30 цагт товлогджээ. Түүгээр Төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Харин 14.30 цагт зарлагдсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх ёстой. Хэрвээ УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлагаа үргэлжлүүлнэ гэсэн хуучин байр сууриа хэвээр хадгалвал эдгээр хуралдаанууд хойшлогдох болж буй билээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж