АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох “АСЕМ-ын Залуучуудын чуулган” өнөөдөр эхэлж байна. Чуулган долдугаар сарын 6-10-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Дөрвөн өдөр үргэлжлэх уг чуулганд АСЕМ-ын гишүүн 51 орны 100 төлөөлөгч, Монголын шилдэг 50 залуу оролцох юм байна. Олон улсын төлөөлөгчдийн хувьд 3000 гаруй залуусаас шигшигдсэн манлайлагчид гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.
Чуулган өнөөдөр эхэлнэ. Харин албан ёсны нээлтийн ажиллагаа маргааш өглөө 09.00 цагт Улаанбаатар чуулгын байранд болох юм. Чуулганы нээлтэнд оролцох хүсэлтэй залуусыг өнгөрөгч даваа гарагаас эхлэн нээлттэй бүртгэж эхэлжээ. Бүртгүүлэхийн тулд өөрийн овог нэр, регистр, утасны дугаараа division@myf.mn хаягаар ирүүлэхэд болох аж.
Залуус энэ удаад улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлаг гэсэн үндсэн дөрвөн сэдвээр өөрсдөд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдлийг хайх юм байна. Ингээд тодорхой үр дүнд хүрч, түүнийгээ АСЕМ-ын дээд түвшний уулзалтад гаргаж тавих учиртай.
Энэ удаад Монголыг зорин ирсэн залууст түүх соёл, эртний монголчуудын аж амьдралын түүхээс сонирхуулахаар хөтөлбөрт тусгажээ. Мөн Чингис хааны хөшөө дурсгал, Цонжин болдог гээд түүх, соёлын олон газрыг сонирхуулахаар төлөвлөсөн байна. Үүгээр ч зогсохгүй орчин үеийн монгол залуусын хэв маягтай танилцуулах төлөвлөгөөг ч хөтөлбөртөө багтаажээ.
АСЕМ-ЫН ХҮРЭЭНД БОЛОХ САЛБАР ХУРЛУУД /Өмнөх хурлуудыг хасч жагсаав/
№ | САЛБАР ХУРЛУУД | ХУГАЦАА |
1 | Ази-Европ түмний чуулган-11 | VII сарын 04-06 |
2 | АСЕМ-ын Загвар чуулган-2016 | VII сарын 06-10 |
3 | Редакторуудын дугуй ширээний VIII уулзалт | VII сарын 07-08 |
4 | АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт | VII сарын 12-14 |
5 | Ази, Европын Бизнесийн XV чуулга уулзалт | VII сарын 13-14 |
6 | АСЕМ-ын Дээд түвшний XI уулзалт | VII сарын 15-16 |
АСЕМ ГЭЖ ЮУ ВЭ?
- Ази-Европын уулзалт буюу АСЕМ нь анх 1996 онд 26 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж өдгөө Ази тивийн 21, Европын 30 улс, хоёр олон улсын байгууллагыг нэгтгэсэн Ази-Европын орнуудын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны албан бус үйл явц юм. АСЕМ нь хоёр бүс нутгийн харилцааны олон чиглэлд, эрх тэгш түншлэлд тулгуурласан, дээд түвшний төдийгүй иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талбар. АСЕМ-ын хүрээнд одоогоор улс төрийн салбарт 14, эдийн засгийн салбарт 51, нийгэм соёлын салбарт 41 санаачилга, хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
АСЕМ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ ЮУ ВЭ?
- Хоёр бүс нутгийн харилцааны бүх чиглэл салбарыг хамарсан асуудлаар яриа хэлэлцээ, мэтгэлцээн өрнүүлэх бөгөөд харилцан хүндэтгэх, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлана. АСЕМ нь шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчид, судлаач эрдэмтэд, иргэний нийгмийн зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчид сонирхсон асуудлаар санал солилцож, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр болж, улс төр эдийн засаг нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцэн хоёр тивийн харилцааг ойртуулан бэхжүүлэх зорилго агуулдаг.
МОНГОЛ УЛС АСЕМ-ЫГ ЭХ ОРОНДОО ЗОХИОН БАЙГУУЛАХ АЧ ХОЛБОГДОЛ ЮУ ВЭ?
- Дээд түвшний уулзалтыг зохион байгуулснаар Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд улам өсөн бэхжиж, гадаад бодлогын үзэл баримтлал идэвхтэй үйл ажиллагааг дэмжих олон улсын хамтын ажиллагаа нэмэгдэнэ. Цаашлаад олон улсын хэмжээний томоохон арга хэмжээг зохион байгуулах туршлага хуримтлуулж, дэд бүтэц бааз суурьтай болно. Түүнчлэн улс төр, бизнесийн аялал жуулчлал хөгжиж, олон улсаас эдийн засгийн томоохон хөрөнгө оруулалт татах боломж нээгдэнэ. Дээд түвшний уулзалтын зочдод үзүүлэх бүх төрлийн үйлчилгээг дотоодын аж ахуйн нэгжүүд гүйцэтгэх бөгөөд ингэснээрээ аялал жуулчлал, соёл үйлчилгээний салбарт бодит ахиц гарч, ажил хэрэгч аялал жуулчлалыг нутагшуулах гарц улам бүр нээгдэнэ. Мөн энэхүү том арга хэмжээний хүрээнд нэг дор цуглах 50 гаруй орны өндөр хэмжээний зочид төлөөлөгчид, тэдгээрийг дагалдан яваа албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхнээр дамжуулж улс орноо сурталчлах завшаан олдож байна.
АСЕМ-ЫН УУЛЗАЛТААР ДЭЛХИЙ ДАХИНД МОНГОЛ УЛСЫГ ЯМАР ӨНЦГӨӨС СУРТАЛЧЛАХ ВЭ?
- АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаар ирэх 5000 орчим зочид төлөөлөгчийн 1000 орчим нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид байх юм. Тэднээр дамжуулан дэлхий нийтэд Монгол Улсаа түүх соёл, өв уламжлалаа хадгалан хөгжиж буй орчин үеийн улс орон гэдэг талаас нь сурталчлахыг түлхүү анхаарна. Мөн эдийн засгийн хувьд эрчимтэй хөгжиж байгаа, бизнесийн болон эрхзүйн орчны хувьд хөрөнгө оруулагчдын итгэл даахуйц улс орон гэдгээ нотлон харуулах нь чухал юм. АСЕМ-ын Дээд түвшний уулзалт болон дагалдах хурлууд Улаанбаатар хотод болох тул нийслэлийн ЗДТГ-аас орчин үеийн соёл урлагийн арга хэмжээ, бэсрэг наадам зэргийг зохион байгуулахаар төлөвлөсөн.
АЗИ-ЕВРОПЫН САН ГЭЖ ЮУ ВЭ. ЯМАР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ВЭ?
- Ази, Европын сан буюу АСЕФ нь хоёр тивийн ард түмний найрамдал, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилготойгоор 1997 онд Сингапурт байгуулагдсан, АСЕМ-ын байнгын үйл ажиллагаатай ганц институци юм. Энэхүү сан нь оюуны солилцоо, иргэд хоорондын солилцоо, соёлын солилцоо, олон нийттэй харилцах гэсэн 4 үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бүх гишүүн орны төлөөллөөс бүрдсэн захирлуудын зөвлөл нь Ази-Европын сангийн үйл ажиллагааны стратеги, зарчим, тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, сангийн жилийн төсөв, хэрэгжүүлэх төслүүдийг хэлэлцэж батладаг. AСЕМ–ын гишүүн орнуудын Засгийн газар, хувийн хэвшлийнхний сайн дурын хандиваар санхүүждэг. АСЕМ-аас зохион байгуулдаг арга хэмжээнүүдийг Ази, Европын сан санхүүжүүлдэг.
АСЕМ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТААС ЯМАР БАРИМТ БИЧИГ ГАРАХ ВЭ?
- Дээд хэмжээний уулзалтаар Даргын мэдэгдэл болон АСЕМ-ын 20 жилийн ойн хүрээнд өнгөрсөн жилүүдийн ажлын дүгнэлт, одоогийн хүрсэн түвшин, цаашдын 10 жилийн зорилт, чиг хандлагыг тусгасан “Улаанбаатарын тунхаглал” гарна.
Б.ЗАЯА