Ард түмний хаан сонголтоор долоо дахь удаагийн УИХ байгуулагдаж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ.
УИХ-ын анхдугаар чуулганд 76 гишүүн тангараг өргөсөн нь 2000 оны УИХ-ын сонгуулиас хойш тэмдэглэгдэх онцгой үйл явдал боллоо.
Ирэх дөрвөн жилд ард түмний нүд, чих болж ажиллах ёстой 76 гишүүний 65 нь МАН-ын бүлгийг төлөөлөх бол ес нь Ардчилсан намын бүлгийг, нэг нь МАХН-ыг, үлдэж байгаа нэг нь бие даагчдыг төлөөлөн ажиллана.
Мэргэжлийг нь тодруулбал, 21 нь эрх зүйч, 25 нь эдийн засагч, 11 нь инженер, нэг нь агрономич, 18 нь урлаг, спорт, улс төр, нийгмийн ухааны мэргэжлээр боловсорчээ. Мөн ирэх дөрвөн жилд парламентад 13 эмэгтэй гишүүн ажиллах болж байгаа нь Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотыг 20 хувиар тогтоож өгсний үр дүн болов уу.
Сонгуульд ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог уламжлал энэ удаад эвдэгдэж, МАН-ын дарга М.Энхболд УИХ-ыг удирдахаар болсон нь шинээр бүрдэх Засгийн газрыг тогтвортой ажиллуулах нөхцөл бололцоогоор хангахын тулд хийж байгаа алхам хэмээн тайлбарласан ч жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бэлтгэлээ хангаж буйн нотолгоо болов. Ц.Нямдорж гишүүнийг УИХ-ын дэд даргаар томилсон нь давхар баталгаа нь юм.
Хуулиараа УИХ-д бүлэгтэй нам УИХ-ын дэд даргатай байдаг. Сөрөг хүчин УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэн томилууллаа.
УИХ-ын анхдугаар чуулганд 76 гишүүн тангараг өргөсөн нь 2000 оны УИХ-ын сонгуулиас хойш тэмдэглэгдэх онцгой үйл явдал боллоо.
Хэрвээ энэ сонгуульд Ардчилсан нам Завхан аймагт ялагдал хүлээсэн бол бүлэг байгуулж чадах уу, үгүй юу гэдэг сонголтын өмнө ирэх байсан ч золоор ах, дүү Самбуу нарын өрсөлдөөн хамгийн их тус хүргэж, аюулаас аварсан юм.
Сөрөг хүчний бүлгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ удирдана. Ардчилсан нам түүнд бүлгээ даатгасан нь ирэх дөрвөн жилд есүүлэхнээ гэж шантрахгүйгээр бурууд нүд хурц байж, 65-тай тулалдах болж буйн тактик болов уу.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намын бүлгийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байдаг бол УИХ-ын гишүүн С.Жавхлан Монголын төлөө хэнтэй ч ажиллахад бэлэн. Талцах бус эвсэж, нэг цул болохын төлөө ажиллахаа мэдэгдсэн.
Байгуулагдаад нэг хонож байгаа парламентын нэн тэргүүнд хийх ажил нь ард түмэндээ амласан мэргэжлийн Засгийн газрыг байгуулж, ажилд нь оруулах. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах арга замыг богино хугацаанд авч хэрэгжүүлэхгүй бол төсвийн алдагдал жилийн эцсээр 1 их наядыг давж мэдэхээр байгаа.
Ц.Нямдорж: Дээрээ ард түмэнтэй дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ санаж ажиллана.
Хагас жилийн гүйцэтгэлээр улсын төсөв 700 гаруй тэрбумаар тасраад байгаа мэдээлэл бий. Дээр нь 2017 он гарангуут бондын төлбөрийг хийж эхэлнэ. Хэдийгээр сонгуульд ялалт байгуулсан МАН бондыг үр ашиг багатай төсөлд зарцуулсан гэж өнгөрсөн хугацаанд шүүмжилсэн ч түүний хүчинд Монголын толгой компаниуд том төслүүд хэрэгжүүлэн, цементээ, арматур төмрөө гадаадаас импортлохооргүй болж, дотооддоо үйлдвэрлэдэг болсныг мартах учиргүй.
Чингис бонд, Самурай бондын санхүүжилтээр олон, олон үйлдвэр шинээр байгуулагдаж, мөн олон үйлдвэр техник, технологио шинэчилж, томорч “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж байгааг санах хэрэгтэй.
Өнгөрсөн дөрвөн жилд дотооддоо баялгийг бий болохын төлөө зүтгэсэн хөдөлмөрийг цааш нь тордоод үргэлжлүүлэх ёстой. Монгол төрийн залгамж чанарыг нэг улс төрийн хүчин үнэмлэхүй ялалт байгуулснаар тасалдаг баллуурддаг байж таарахгүй.
Дөрвөн жил гэдэг богино хугацаа, 40 жил юм шиг аашилж, ихэрхэв. Өнгөрсөн дөрвөн жилд Ардчилсан намын олонхи байхдаа гаргасан гол алдаа нь сөрөг хүчин байсан ааш аягаа засаж чадаагүй явдал.
Цөөнхөө сонсдог, алдаагаа хардаг, хариуцлага алдсан хэнийг ч танхимаас явуулж, чаддаг хариуцлагатай төрийг бий болгож, чадвал Монголын ард түмэн өнгөрсөн зургаадугаар сарын 29-нд хийсэн сонголтоороо бахархах болно. Эс чадвал хариуг хатуу барьж бас чадна.
Дэргэдээ сөрөг хүчинтэй, дээрээ ард түмэнтэй гэдгээ битгий мартаарай гэх УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн үгийг дахиад нэг сануулчихъя.