Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Brexit дэлхийн хэвлэл мэдээллийн гол сэдэв байлаа. Их Британийн энэ түүхэн өөрчлөлт дэлхийн зах зээлийг донсолгож, цагаачлал, худалдаа ба дипломат харилцаа, Европын холбооны дүрэм горимын эмзэг асуудлыг хөндлөө.
“U.S. Global Investors” хөрөнгө оруулалтын сангийн илтгэлд "Брекзитийн (Британи, экзит гэдэг үгсийн товчлол) холын үр дагавар нь Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний бодлогыг Европт эргэн харах боломж гаргаж байгаа явдал" хэмээн бичжээ.
Европын холбооны бүх гишүүд бараг толгой дараалан энэ бүхний үр дүнд ерөнхийлөгч Владимир Путин хожсон гэцгээж байгаа. Крымыг 2014 онд Орост нэгтгэсний эсрэг тууштай зогсогч Их Британи Оросын санхүү, эрчим хүч, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбаруудын болон улс төрийн хүрээний эсрэг авсан барууны хоригт чухал үүрэгтэй байлаа.
Австри, Унгар зэрэг Европын холбооны зарим гишүүн орнууд хоригийг цуцлах эсвэл зөөллөхийн эсрэг сонирхолтой байгаагаа илэрхийлж байв. Тэд Оростой худалдааны харилцаагаа тасалж болохгүй байдалд байдаг. Худалдааны боломжоо алдсанаар Финлянд, Польш, Балтийн орнууд (Литва, Латви, Эстон) хүндрэлтэй, ээдрээтэй байдалд орсон билээ.
Францын парламент саяхан бүх хоригийг цуцлах нь зүйтэй гэсэн тогтоолыг Брюссельд зориулан гаргасан байгаа. Италийн парламентын дээд танхим хоригийг автоматаар сунгахын эсрэг тогтоолыг баталсан. Их Британи ирээдүйд хоригийн талаар гаргах шийдвэрт оролцохгүй болж буйгаас Москва хоригийг зөөллөх боломжийг авч үзэж байгаа юм.
Урт хугацааны дараа тэр нь хоригоос гадна нефтийн үнийн уналтаас хэлмэгдэж байгаа Оросын эдийн засагт сайнаар нөлөөлөх талтай. Оросын 2013 оны экспортод эрчим хүчний бүтээгдэхүүн 70 хувийг нь эзэлж байлаа. Түүний гуравны нэгийг нефтийн экспорт бүтээж байсан юм. Энэ бүгд нефть үйлдвэрлэгч нарт ашигтай, мөн рублийн ханшийг сулруулж, ажиллах хүчний зарлагыг багасган, экспортыг илүү өрсөлдөх чадвартай болгож өгсөн юм.
Ойрын хэдэн хоногт юу их хохирол учруулав гэдэг талаар шинжээчид одоо маргаан өрнүүлж байгаа. Хориг уу эсвэл Brent нефтийн үнийн уналт уу? Ер нь бол нефтийн үнэ, рубль хоёрын хоорондын холбоо их байгаа билээ.
Гэхдээ мэдээж хориг багагүй нөлөө үзүүлсэн. Олон улсын валютын сангийн мэдээлснээр, худалдааны хязгаарлалт нь 2015 онд Оросын Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 1,5 хувиар унагасан байв. Эдийн засгийн шинжээчдийн групп, 2014-2017 онуудын хугацаанд олон улсын хориг арга хэмжээ ба нефтийн үнийн уналт Орост 600 тэрбум долларын асар их хохирол авчирна гэж үзжээ. Эдгээр хоригийн гол нь капиталын гадагшлах урсгал юм. Ер нь бол хориг тавигдсанаас хойш хөрөнгийн урсгал тийм их эрчимтэй байж чадаагүй. Renaissance Capital тооцоолсноор энэ онд 45 тэрбум долларын хөрөнгө гадагшлах юм байна. 2015 онд 64 тэрбум, 2014 онд 125 тэрбум долларын урсгалтай байв. Экспорт ч бас хэлмэгдлээ. Дөрөвдүгээр сард тэр нь 21 тэрбум хүртэл буурсан нь жилийн өмнөхөөс 28 хувиар бага юм.
Их Британи ЕХ-ноос хоёр жилийн хугацаанд албан ёсоор гарна гээд үзэхэд хориг арга хэмжээ хоёр жилдээ хэвээр үлдэнэ. Шинжээчид ч Путин ч Брекзит нь Орос ба Европын худалдааны блоктой харилцааг өөрчлөнө гэдэгт эргэлзэж байгаа. Гэсэн хэдий ч ЕХ-ны зарим орнууд хоригийг цуцлах эсвэл зөөллөх талаар шахалтаа нэмэгдүүлсээр байна. Харин Их Британи ЕХ-ноос гарсны дараа хоригийн нөхцлийг авч үзнэ гэсэн боломж байгаа.
“Британийн бүх нийтийн санал асуулга нь Орост нааштай нөлөөтэй. Учир нь Их Британи бол Оросын эсрэг хоригийн хамгийн идэвхтэй дэмжигч бөгөөд Нэгдсэн вант улс ЕХ-нд дуу хоолойгоо алдвал хоригийг цуцлах ажиллагаа цаг хугацааны явцад амар болох ёстой” гээд Зээл, чансааны судалгааны агентлагийн тайланд дурьдсан байна. Яг л түүн шиг санаа бодол одоо газар авч байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР