Гишүүд уриалга гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Гишүүд уриалга гаргалаа

Төрийн далбааны өдрийг санаачлан хуульчлуулсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Н.Батбаяр, Ц.Дашдорж нар Монгол түмэндээ хүргэх уриалга гаргалаа. Тэд “Төрийнхөө далбааг ажлынхаа өрөөнд, гэрийнхээ хойморт залъя” хэмээж байгаа юм. Эрхэм гишүүд  “Жил бүрийн долдугаар сарын 10 бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, мандан бадрахын бэлгэ тэмдэг болсон Төрийн далбааны өдөр. Эх орны хилийн баганаас Эверестийн ноён оргил, Төрийн ордноос НҮБ-ын шилтгээн,  Олимпийн тэнгэрээс огторгуйн уудамд тусгаар Монгол Улсын алтан соёмбо асаатай төрийн далбаа залагдан намирч, өргөгдөн мандаж ирсэн билээ. Тусгаар улсын иргэн болж төрснийг маань мөнхөд сануулах улс үндэсний далбаа утга агуулга төгөлдөр, гоо үзэмжийн зохицолт, эрх чөлөөт ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл юм.  Монгол хүн бүрийн зүрхэн тольтод омогшил бахархал бадраасан төрийнхөө далбааг Монголын нууц товчоо, морин хуураа дээдлэн өргөмжилсний адил албан байгууллага, өргөө гэр, өрөө тасалгаандаа өнө мөнхийн ерөөл талбин залж, өөдлөн дэвжихийн бэлгэдэл болгон шүтэцгээе. Жил бүр төрийн далбааны өдрөөр залж мандуулсан далбаандаа хүндэтгэл үзүүлж хэвшихийг уриалж байна. Ариун голомтоо сахисан монгол түмний шүтээн, тусгаар улсын маань далбаа биднийг хөгжил цэцэглэл рүү хөтлөн, үүрд мандан намирч байх болтугай!” хэмээн уриалж байна.

Д.ОЮУН

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж