Хуучирсан мэдээ: 2016.07.05-нд нийтлэгдсэн

Шинэ гишүүд юу хэлэв?

УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, шинэ гишүүд тангараг өргөн, УИХ-ын даргыг томилсноор шинэ парламент бүрдлээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил байна.

УИХ-д сонгогдсон 76 гишүүний 65 нь УИХ дахь МАН-ын бүлгийг төлөөлөх бол ес нь Ардчилсан намын бүлгийг, харин МАХН-ыг болон бие даагчдыг төлөөлөн тус бүр нэг гишүүн ажиллана. Мөн 76 гишүүний 13 нь эмэгтэй гишүүд юм.

УИХ-ын гишүүний тангараг өргөсөн түшээдийн байр суурийг хүргэе.


С.Чинзориг: Богино хугацаанд хямралаас гарах ёстой

Үнэмлэхүй ялалт өгсөн сонгогчид, Өвөрхангай аймгийн сонгогчиддоо талархал илэрхийлье.

МАН УИХ-ын сонгуульд оролцохдоо тодорхой мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн, парламентад сонгогдсон УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой. Хоёрт, Мэргэжлийн Засгийн газар байгуулан ажиллаж, ард түмэн, эдийн засгаа богино хугацаанд хямралаас гаргах шаардлага бий. Нийгмийн хамгааллын чиглэлээр гаргасан мөрийн хөтөлбөрийг дэмжиж сонгогчид саналаа өгсөн. Тэгэхээр шинээр бүрдсэн УИХ, шинээр байгуулагдах Засгийн газарт ард түмний амьжиргааг дээшлүүлэхтэй холбоотой олон асуудлыг нэн тэргүүнд шийдэх учиртай. Тэр бүгдийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана.


Х.Нямбаатар: Амлалтаа хэрэгжүүлэх ёстой

МАН иргэд, сонгогчиддоо амласан амлалтаа хэрэгжүүлэх ёстой. Ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд эдийн засгийн эрс шийдэмгий арга хэмжээг авсан ажил хэрэгч дөрвөн жил байх болов уу гэж бодож байна. Сонгогчиддоо амласан амлалтандаа эзэн болж, хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ.


Н.Оюун-Эрдэнэ: Батлагдсан алдааг давтлаа

Монгол Улсын өр өнөөдөр 22.6 тэрбум ам.доллар буюу ДНБ-ийнхээ 200 орчим хувьтай тэнцэхүйц байгаа, ийм төр засгийг хүлээж авч байна. Яаралтай хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийг сэргээх ёстой. МАН ард түмэндээ амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллах ёстой.

Дэлхийн нийтлэг жишиг бол ялсан намын дарга ачааны хүндийг үүрч, Засгийн газрын тэргүүнээр ажилладаг.

Өнгөрсөн цаг хугацааны Ардчилсан намын алдаа бол хэтэрхий эрх мэдэлгүй Ерөнхий сайдтай байсан нь эрх мэдлийн салангид зарчим алдагдсанаас болсон гэж боддог. Энэ алдаа нь батлагдчихсан, Монголын ард түмэн дүгнэлт хийчихсэн ийм зүйлийг давтаж сая УИХ-ын даргад МАН-ын даргыг нэр дэвшүүлсэн учраас миний хувьд эсрэг кноп дарсан. Цаашдаа бид мэргэжлийн Засгийн газрыг байгуулж ажиллах ёстой.


М.Оюунчимэг: Давхар дээлтэй сайд байхыг эсэргүүцнэ

Нэгдүгээрт, мэргэжлийн Засгийн газар бүрдүүлэхэд анхаарч ажиллана. Мэргэжлийн хүмүүс мэргэжлийн ажлаа хийгээд улс орныг хямралаас гаргах бодлогын арга хэмжээнүүдийг даруй авч хэрэгжүүлж ажиллах шаардлага бий. Тим учраас давхар дээлтэй сайд байхыг эсэргүүцнэ.

Хоёрт, удахгүй АСЕМ болно, гадаад, дотоодын томоохон хөрөнгө оруулагчид, төр засгийн тэргүүнүүд ирнэ. Энэ үед гаднаас хэрхэн хөрөнгө татах вэ, дотоодынхоо үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийг хэрхэн яаж дэмжиж хөдөлгөөнд оруулах вэ, ажлын байрыг яаж эхний ээлжинд олноор бий болгох вэ гэдгийг шийдэхийн төлөө ажиллах ёстой.


Н.Оюундарь: Нийгэм рүү хандсан олон арга хэмжээг хийх бололцоотой

Монгол түмэндээ, сэлэнгэчүүдээ баярлалаа гэж хэлэх байна.МАН-ын УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бол хүн төвтэй мөрийн хөтөлбөр. Түүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар ганцхан асуудал буюу УИХ-ын даргыг ярьсан. Хамтын шийдвэрээр намын даргыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэн томиллоо. Удахгүй Ерөнхий сайдын асуудлыг Удирдах зөвлөлөөр ярилцан, УИХ-д оруулж ирнэ. Удирдах зөвлөлийн шийдвэр нь хамтын шийдвэр байдаг.

Энэ парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдсон. Нийгэм рүү хандсан олон арга хэмжээг хийх боломж бололцоо бүрдэж байна. Ээж хүн, эх хүн, эгч хүн гэдэг утгаараа эмэгтэйчүүд нийгэм рүү хандсан ажлуудад онцгой анхаардаг. Илүү их мэдрэмжтэй байдаг гэдэг утгаараа нийгэм рүү хандсан олон ахицтай зүйлүүд УИХ-аас батлагдан гарна гэж найдаж байна.


Н.Учрал: Мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой

Өнгөрсөн хугацаанд төрийн эрх мэдлийн хараат бус байх зарчим алдагдсан. УИХ хууль тогтоодог байгууллага. Хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьдаг байх ёстой. Хууль бол боловсруулах, тайлбарлах, хэрэгжих гээд гурван циклээр явдаг.

УИХ хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих, хууль нь амьд байх, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хуулиудыг батлах ёстой. Тэр утгаараа намын даргын зүгээс өөрөө УИХ-ыг удирдаад тэргүүлэх болсныг дэмжиж байгаа.

Эдийн засгийг хямралт байдлаас нь гаргахын тулд мэргэжлийн Засгийн газраа байгуулах ёстой. Чиглэлийн яамдууд бол давхар дээлгүй сайд томилогдох шаардлагатай гэсэн байр суурьтай байна.

Би бол Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчдын төлөөлөл. Сонгогчид маань өнөөдрийн эдийн засгийн хямралаас гарахын тулд мэргэжлийн Засгийн газар байгуулах, төрийн бодлогод шинжлэх ухаанч байдлыг алдуулахгүй байх, төрийн тогтвортой байдлыг хангах, төрийн албыг хоморголон халдаг, эсвэл нам засгаар нь ялгаварладаг, салгадаг байдлыг арилгах, гол нь салбар бүрт бодлого хэрэгтэй, урт хугацааны салбарын бодлогыг бий болгооч, Монгол Улсын хөгжлийн загварыг бий болгож өгөөч, хөгжлийн загвартаа үндэслэсэн тактикуудыг нь сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газраараа дамжуулж хрээгжүүлдэг байх нь чухал гэдэг маш олон даалгавар өгсөн. Ажил хэрэг болгоход анхаарч ажиллана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж