Үндэсний их баяр наадмын үеэр эрийн гурван наадмаа үзэж баярлахын зэрэгцээ наадмын хуушуур зооглохоор зорих хүмүүс цөөнгүй байдаг. Тиймдээ ч жил жилийн наадмаар хуушуур тойрсон яриа их гардаг. Тэгвэл энэ жилийн хувьд наадамчин олон хуушуур идэхийн тулд 90 төгрөгийн үнэтэй цаасан уут худалдаж авах болж байна. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 32 тоот тушаалаар гялгар уутыг үйлдвэр, үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон. Энэ тогтоолыг үндэслэж, баяр наадмын үеэр хуушуур худалдаалж буй аж ахуйн нэгжийг цаасан болон даавуун уут заавал хэрэглэх шийдвэр гарсан аж. Баяр наадмын үеэр нийт 500 аж ахуйн нэгж худалдаа үйлчилгээ эрхлэхээс 300 орчим нь хуушуур худалдаалах зөвшөөрөл авсан гэнэ. Ямартаа ч хуушуур элбэг байх нь, харин уутны асуудал хэрхэх бол…
Б.Сайн